"Sinners" кино Оскарын наадмын түүхэн дээд амжилтыг эвдэж 16 төрөлд нэр дэвшлээ
Америкийн Кино академиас 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа.
Энэ жилийн наадмын гол дуулианаар найруулагч Райан Куглерийн бүтээл "Sinners" аймшгийн мюзикл төрлийн кино тодорч, нийт 16 төрөлд нэр дэвшсэнээр академийн түүхэн дэх бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Энэхүү үйл явдал нь дэлхийн кино урлагийн ертөнцөд томоохон шуугиан тарьж, шагнал гардуулах ёслолын хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.
Өмнө нь Жеймс Камероны "Титаник" болон Дамиен Шазелийн "Ла Ла Лэнд" кинонууд тус бүр 14 төрөлд нэр дэвшиж, Оскарын түүхэн дээд амжилтыг хамтран эзэмшиж байсан бол "Sinners" энэхүү амжилтыг хол даван гарлаа. Тус киноны гол дүрийг бүтээсэн Майкл Б.Жордан анх удаа Шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд нэр дэвшиж байгаа нь жүжигчний карьерын хувьд томоохон үйл явдал болж байна. Шүүмжлэгчид уг бүтээлийг найруулга, хөгжим болон жүжигчдийн ур чадварын төгс хослол хэмээн онцолжээ.

Нэр дэвшигчдийн жагсаалтын удаах байранд найруулагч Пол Томас Андерсоны улс төрийн сэдэвт инээдмийн триллер "One Battle After Another" бичигдэж, нийт 13 төрөлд өрсөлдөхөөр боллоо. Тус кинонд тоглосон Леонардо ДиКаприо болон Тейана Тейлор нар жүжигчний төрлүүдэд нэр дэвшсэн байна. Шилдэг киноны төрөлд дээрх хоёр бүтээлээс гадна "Bugonia", "F1", "Frankenstein", "Hamnet" зэрэг нийт арван шилдэг бүтээл өрсөлдөхөөр шалгарчээ.
Энэ жилийн наадмын хамгийн гэнэтийн бөгөөд цочирдмоор үйл явдал нь үзэгчдийн хүлээлт өндөр байсан Ариана Гранде, Синтия Эриво нарын тоглосон "Wicked: For Good" кино ямар ч төрөлд нэр дэвшээгүй явдал байв. Фенүүдийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж буй энэхүү шийдвэр нь академийн сонгон шалгаруулалтын талаарх маргааныг дахин сэдрэээд байна. 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2026 оны 3-р сарын 15-ны өдөр Лос-Анжелес хотын "Dolby" театрт болох бөгөөд хөтлөгчөөр Конан О'Брайен ажиллахаар болжээ.
Кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа бөгөөд түүхэн амжилт тогтоосон "Sinners" кино хэдэн алтан хүн баримал хүртэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Райан Куглер болон түүний баг хамт олны хувьд энэ нь зөвхөн шагналын тоо бус, харин орчин үеийн кино урлагт шинэ жишиг тогтоосон түүхэн мөч болж үлдэх нь дамжиггүй юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.