🔴МҮЭХ: Цалингийн нэмэгдлийг хэрэгжүүлэхгүй бол тэмцэл эхлүүлэхэд бэлэн

AI хөрвүүлсэн

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгаа талаар МҮЭХ, МБШУҮЭХ, МЭМАҮЭХ-ноос мэдээлэв.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир:

-Өнгөрсөн онд эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалах тэмцэл өрнөсөн. Үйлдвэрчний эвлэлтэй хамтарч зохион байгуулсан хөдөлгөөнөөр Монгол Улсын Засгийн газартай тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцоогоор асар олон жил орхигдсон эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлсийг бодитой хэмжээнд нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх ёстой байсан ч олон ойлгомжгүй нөхцөл үүссэний улмаас эвлэлийн гишүүдээс санал, шаардлага ихээр ирж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо холбогдох яамдуудад байр сууриа илэрхийлж, ялангуяа цалингийн нэмэгдэл, урамшууллын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Бидний гол шаардлага бол ширээний ард суух биш, харин бодит амьдралын чанарыг дээшлүүлэх цалингийн нэмэгдэл. Зүгээр хууль тогтоомжийн хүрээнд аргалах боломжгүй. Энэ сар энэ долоо хоногоор дуусах гэж байна. Хэрвээ нэгдүгээр сарын цалинд тохирсон нэмэгдэл орж ирэхгүй бол боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлүүд, анхан шатны хороод, 21 аймаг, нийслэлийн холбоодтой хамт тэмцэл эхлүүлэхэд бэлэн. Шинэ сарыг баяр баясгалантай эхлүүлэхийг хүсэж байна гэв.

МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл:

-Боловсролын яамнаас өчигдөр гаргасан чиглэл, сайдын тушаалаар нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 50 хувиар нэмэх асуудал өнөөдрийн байдлаар газар дээрээ хэрэгжээгүй. Монгол Улсын Засгийн газрыг хэлэлцээрийн үүргээ биелүүлэхийг дахин шаардаж байна. 

Өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны салбарт хүний нөөцийн дутагдал, хөдөлмөрийн мөлжлөг өндөр, чанарын хүртээмж муу, судалгаа доод түвшинд байна. Өнгөрсөн онд 5000 хүний дутагдалд орсон бол 2026 онд улам нэмэгдэх эрсдэлтэй боллоо.

Гишүүдээс "Өмнө нь авч байсан цалингаа бүр дордуулаад, хасуулчихлаа" гэсэн мэдээлэл ирж байна. Энэ бол бодит эмгэнэл.

Нэгдүгээр сарын цалингаа өнөөдрийг хүртэл аваагүй. Засгийн газрын чиглэл, сайдын тушаалаар нэмэгдэл хөлсийг царцааж, "Заримыг нь үндсэн цалинд шингээсэн" гэх буруу ташаа мэдээллийг нийгэмд цацаж байна. Ур чадварын нэмэгдлийг олгохгүй, мөн 50 хувийн нэмэгдлийг хассан. Хэлэлцээрт хоёр тал хамтарч байр сууриа илэрхийлэх ёстой ч Засгийн газар дангаараа илэрхийлж байна.

Эвлэлийн гишүүд, тэдний нийгмийн баталгаа, цалингийн төлөө эцсээ хүртэл явахаа албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу тэмцлийг үргэлжлүүлнэ гэлээ.

МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа:

-Өнгөрсөн 2025 онд бид түүхэн шийдвэр гаргаж, гурван талт хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 75 хувиар нэмэхээр баталгаажуулсан. Гэвч энэ нэгдүгээр сараас олон асуудал гарч эхэлсэн. Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэгдэл хөлсийг өөрчилсөн нь харамсалтай. Бүх нэмэгдлийг өмнөх үндсэн цалингаас тооцож, зөвхөн үр дүнгийн урамшуулал, илүү цагийн мөнгийг шинэ цалингаас тооцно гэсэн нь зөрүү үүсгэж, итгэлийг алдагдуулж байна. Хүний амь насанд бүх хүчээ дайчилдаг эрүүл мэндийн ажилтнууд цалин нэмэх сургаар их бахархалтай, баясгалантай байсан бол энэ шийдвэр гал дээр ус асгах шиг байна.

Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин тавьдаг тул 2025 оны үр дүнгийн урамшууллыг аваагүй эмнэлгүүд бий. Хөдөө, орон нутгаас маш их гомдол ирж байна. Улсын хэмжээнд бүх эмнэлгийн нэгдүгээр сарын цалинг баримт нотолгоотойгоор аваад, төр засагт хүргүүлнэ.

Хоёрдугаар асуудал нь, цалингийн нэмэгдлээр далимдуулаад есөн хувийн цомхотголыг хийгээд эхэлсэн. Хөдөөгийн сумын ЭМТ-ийн цомхотголоос болж үйлчилгээ, цэвэрлэгээ алдагдаж, халдвар хамгаалалт муудна. Нэг хэсэг хүмүүсийг цомхотгоод, өөрсдөө нэмэгдсэн цалин авна гэдэг утгагүй зүйл. Засгийн газар энэ тогтоолоо даруй хүчингүй болгож, бүх нэмэгдэл хөлсийг 30 хувиар нэмэгдсэн үндсэн цалингаас тооцоолохыг шаардаж байна. Үүнийг шийдэхгүй бол ажил хаялт эхлүүлэх санал их байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.