🔴Т.Аубакир: Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэх ямар ч боломжгүй
Тэтгэвэр нэмэх болон эмч, багш нарын цалингийн нэмэгдэл бүрэн хэрэгжихгүй байгаа асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
-Манай яам ахмадуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцоод, бодит байдал, бололцоогоо л хэлсэн. Одоо нийгмийн даатгалын сангаас 537 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэдэнд зориулж 477.9 тэрбум төгрөгийг батлуулсан. Бүгдэд нь жигд 80 мянган төгрөг нэмэхээр шийдэж, үүнд ахмадууд сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ тэтгэврийн доод хэмжээг өргөх шаардлагатай. Хөдөлмөрийн чадвар буурсан үед авдаг энэ мөнгө одоо жинхэнэ баталгаа болж чадахгүй байна.
Ерөнхий сайд үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Бид 2024 онд баталсан хуулиар жил бүрийн инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэхээр төлөвлөсөн. 2027 оны инфляц, 2026 оны гүйцэтгэлээс хамаарч хэрэгжүүлнэ. Зарим улс төрч "Тэтгэврийг 1.5 сая болгоно" гэж худлаа ярьж, ахмадуудыг турхирахаа болих хэрэгтэй. Тэтгэврийг ийм хэмжээнд нэмэгдүүлэхийн тулд 4.2 их наяд төгрөг хэрэгтэй. Гэтэл Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс 1.4 их наяд төгрөгийн татаастай явдаг.
-Багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн талаар тайлбар өгнө үү? Ур чадварын нэмэгдэл, хоол, унааны мөнгийг хассан гэх мэдээлэл байна.
-2026 оны улсын төсвийг батлахдаа боловсролын салбарын цалингийн нэмэгдлийг Боловсролын яамны тооцооллын хүрээнд батлуулсан. Үйлдвэрчний эвлэл, Боловсролын яамны удирдлагуудтай тохиролцсон хэлэлцээрийг манай яам зөвхөн бүртгэж, хүчин төгөлдөр болгоно. Батлагдсан төсвийг төсвийн ерөнхийлөн захирагч өөрөө зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс салбарын сайдаас нь тодруулаарай.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд тэтгэврийн нэмэгдлийг асуудалгүй хийсэн. Нэгдүгээр сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдэж, олгогдож байна. Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хуулийн дагуу явж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.