🔴Б.Чойжилсүрэн: 100 хоногт асуудлыг шийдэж чадахгүй. Огцрох ёстой бол огцорно

AI хөрвүүлсэн

Сүүлийн өдрүүдэд эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт даргаар ахлуулсан, салбар хоорондын зохицуулалт, эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг танилцуулах ажлын хэсэг байгуулах шийдвэр сая гарлаа. Эрчим хүчний салбар өөрөө чадлын дутагдал, давагдашгүй нөхцөл байдалд орчихсон байна. Хэрвээ хязгаарлалт хийхгүй бол систем тэг зогсож, бүр илүү хүндрэлд орно.

Энийг шийдэхийн тулд ТЭЦ-5-ын тендер зарлуулсан. ТЭЦ-5-ын ТЭЗҮ-ийг боловсруулахад 3-4 сар шаардлагатай болсон. ЭХЯ дээр санхүүгийн бололцоо байхгүй болохоор НЗДТГ дээр шилжүүлээд, тендер нь шалгараад байна.

Энэ чиглэлийн ажлыг зүгээр өнөөдөр яриад, маргааш өргөс авсан юм шиг бүтнэ ээ гэвэл худлаа.

Жишээ нь, ямар нэгэн станцын ТЭЗҮ-ийг боловсруулахад зургаан сар болж байгаа юм. Тэрнийг шүүмжилж, зөв бурууг нь ялгаад, дараа нь тендер зарлаад, шалгаруулахад дахиад зургаан сар болно. Эх үүсвэр олдохгүй бол бүр төвөгтэй.

Би одоо ингээд та нарт шүүмжлүүлээд зогсож байна. Сүүлийн өдрүүдэд хэт өндөр зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт явж байгаа учраас зарим нэг зүйлийг бодитоор нь хэлье. Би Эрчим хүчний сайд болсноос хойш 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 300 МВт нь ашиглалтад орлоо. Нийтдээ 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт. Баян сум дээр баригдаж байгаа цахилгаан станц 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй, 660 МВт-ын станц. Дахиад Шивээ-Овоогийн уурхайн хажууд барих гэж байгаа 660 МВт-ын станц 1.2 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй. Сэлэнгэ аймгийн төв дээр хувийн салбарынхан 200 гаруй сая ам.доллароор 70 МВт-ын станцыг барьж байна. Гэх мэтээр Засгийн газрын баталгаа гаргуулахгүйгээр, энэ өндөр эрсдэлтэй цаг үед 14.5-15 орчим их наяд төгрөгийн гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт шууд татан оруулж байгаа юм.

Ойролцоогоор 600 МВт-ын хүчин чадалтай эх үүсвэр сүүлийн гурван жилийн хугацаанд ашиглалтад орсон байна.

104 жилийн түүхтэй эрчим хүчний салбар шүү дээ. Төвийн нэгдсэн сүлжээнд 1264 МВт-ын хүчин чадалтай зургаан станц холбоотой байсан. Намайг сайд болсны дараа дахиад 660 МВт ашиглалтад орсон гэхээр 2022 оны наймдугаар сараас 2027 он хүртэл, яг таван жилийн хугацаанд эх үүсвэрийг хоёр дахин, 2028 он гэхэд гурав дахин нэмэгдүүлээд байхад манай хэрэглээний өсөлт хүнд байна.

Үүсээд буй асуудлыг 100 хоногт бүрэн шийдэхэд төвөгтэй. Хүссэн хүсээгүй 2027 оны наадмаас нааш Баянгийн цахилгаан станц ашиглалтад орохгүй. Энийг олон нийтэд шударга хэлсэн нь дээр. Яаж ч гүрийгээд дийлэхгүй. Тэгэхээр ажлаа өгөх ёстой бол өгнө. Шулуухан хэлэхэд, ямар нэгэн сайдын суудалтай зууралдаад суугаад байх сонирхол надад алга. Албан тушаалыг өгч чаддаг, бас авч чаддаг байх ёстой гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.