Х.Булгантуяагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Х.Булгантуяагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж буй билээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаа баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Гэвч Х.Булгантуяа уг тогтоолтой танилцахгүй нэлээд удаж байж гарын үсэг зурсан аж. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Х.Булгантуяа, Б.Баасандорж нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд санал хүргүүлсэн байна.

Тодруулбал, Х.Булгантуяаг Эрүүгийн хуулийн 19.2 дахь хэсэгт заасан “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокурор тус шүүхэд хүргүүлсэн гэнэ. Гэвч шүүгч уг саналыг нь хүлээн авахаас татгалзсан захирамж гаргажээ. 

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан гэнэ. Үүнийг нь өнөөдөр ерөнхий шүүгч Б.Халиун хянан хэлэлцээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж дүгнэв. Улмаар шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Харин УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг Х.Булгантуяатай нэгэн адил зүйл заалтаар яллагдагчаар татсан бөгөөд ижил үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал дээрх шүүхэд хүргүүлсэн юм байна. Харин шүүхээс хоёр ч удаа хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэжээ. 

Х.Булгантуяа УИХ-ын дэд дарга байхдаа Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг 2025 оны аравдугаар сард огцруулах, эсэх талаар хэлэлцэх үед тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан Б.Баасандорж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан, өмнөх өдрийн ирцээр санал хураалт явуулсан хэмээн буруутгасан байдаг. 

Үндсэн хуулийн цэц үүний дараа Засгийн газрыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн билээ. Үүний дараа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандорж нарыг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэгт холбогдуулан тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 цаг, 15 минут
Хэлмэгдүүлэхээр шийдсэн үү