Язгуур өв соёлоо орчин үеийн урлагтай хослуулагч “EthnoVoc”
Монгол түмнийхээ дахин давтагдашгүй ондоошил болсон язгуур урлаг өв соёлоо орчин үеийн урлагтай хослуулан сонсогчдодоо хүргэж буй “EthnoVoc” хамтлагийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа онцолж байна.
Шинэ уран бүтээлүүд нь үзэгчдийн хүртээл болсон цагаасаа олны анхаарлыг татаад буй тус хамтлаг сар шинийн баярыг угтаж 12 жилийн магтаалыг орчин үеийн хэв маягт оруулж сонсогчдодоо хүргэхээр бэлдэж байгаа гэлээ. Мөн цомгоо дуусгаад тоглолтоо хийхээр зорьж байгаа аж.
“EthnoVoc” хамтлагийн артист, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, продюсер, Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Нар-Оюу: Мартагдсан олон түргэн хэллэг, зүйр цэцэн үг байсан

-Аав маань хөгжмийн зохиолч мэргэжилтэй. Миний хүүхэд нас хөгжим, оркестр дунд өссөн. Аавыгаа хөгжим тоглож байгааг нь сонсоод унтчихдаг хүүхэд байлаа. Тийм болохоор өссөн орчин минь намайг урлагийн замыг сонгоход нөлөөлсөн. Хамгийн анх төгөлдөр тоглож сурч байлаа. Аав маань олон хөгжим зааж өгсөн. Миний анхны багш, том үлгэр дуурайлал, урлагийн зам руу хөтөлсөн хүн бол аав минь. Одоо ч аав маань маш их үнэтэй зөвлөгөөг өгдөг. “Ардын дуунууд гэдэг судлаад , дуулаад барагдашгүй өв соёл байдаг. Тиймээс ардын дуунуудаасаа дуулаарай” гэдэг.
Энэ урсгалаар 2015 оноос уран бүтээл хийх санаа төрсөн. Буриадад ажиллаж, амьдардаг байхдаа энэ урсгалаар өөр артистуудад дуу зохиож өгдөг байсан. Үүний дараа Монголдоо ирээд энэ урсгалаа уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхийг зорьсон. Уран бүтээлийн явцад судалгаа хийхэд бидний хэрэглэдэггүй, мартагдсан олон түргэн хэллэг зүйр цэцэн үг байдаг юм байна лээ. Тиймээс цаашид энэ төрөл жанртай язгуур урлаг, ардын аман зохиол өв соёлоо шингээсэн уран бүтээлүүд гаргахаар зорьж ажиллаж байна.
Уран бүтээлч байхын хамгийн сайхан мэдрэмж нь дуулж байхад гоё энерги мэдрэгддэг. Уран бүтээлээ үзэгчдэдээ хүргээд ёслоход тэр үеийн алга ташилт бас гоё мэдрэмж өгдөг.
Охинтойгоо “Бууз” дуун дээр нь хамтарч ажилласан. Охинтойгоо хамт ажиллах гоё байдаг ч гэсэн тайзан дээр гарахад нь “сандарч байгаа бол уу яаж байгаа бол” гэж өмнөөс нь сандардаг даа.
“Хөгжим тоглоход аялгуу, дуу нь гоё сонсогддог”

-Намайг Аялуун гэдэг. Би арван настай. Ээжтэйгээ хамт дуулаад явахад гоё санагддаг. Ээж минь намайг үргэлж дэмждэгт нь баярладаг. Ээжийгээ тайзан дээр дуулж байхыг хараад гоё санагддаг. Дуу нь бүр их таалагддаг.Би ирээдүйд дуучин болох мөрөөдөлтэй. Хэл хуур, төгөлдөр хуур сурч байгаа. Бас ятга хөгжмийг өвөөгөөрөө заалгаж сурах гэж байгаа. Хөгжим тоглоход аялгуу, дуу нь гоё сонсогддог.
“EthnoVoc” хамтлагийн артист Д.Хишигээ: Аяныхаа хэмнэл болон утга зүйг нь тааруулж, түргэн хэллэг, зүйр цэцэн үгээ холбодог

-Анх уран бүтээлээ хүргэхэд үзэгчдэд гоёор хүлээж авсан. Хамгийн анх “Түргэн” дуугаа гаргачхаад машиндаа чанга дээр нь тавиад “Бид чадлаа” гэх тэр үеийн мэдрэмж хамгийн гоё байсан. Манай хамтлаг нэг уран бүтээлдээ морин хуур, хэл хуур, цуур зэрэг хөгжмийг ашиглахаас гадна хөөмий, хархираа, дуу авиаг гаргадгаараа онцлог.
Түргэн хэллэг, зүйр цэцэн үгийг хүмүүс өдөр тутамдаа амьдралдаа тэр бүр байнга ашиглаад яриад байдаггүй. Тиймээс үүнийг орчин үеийн хэв маягт оруулж дуу болгоход хүүхдүүд сонирхож хүлээж авч байна. Эцэг эхчүүд ч мөн хүүхдүүддээ сургавал зүгээр юм гэж хэлж байгаа. Аяныхаа хэмнэл болон утга зүйг нь тааруулж, түргэн хэллэг, зүйр цэцэн үгээ холбодог.
Биет бус соёлын өв, аман зохиолын төрөл зүйл дотор зүйр цэцэн үг, түргэн хэллэгээс гадна дайралцаа, домог, тууль, оньсого таавар гээд бий. Тиймээс “Эдээр биеэр чимэхээр эрдмээр биеэ чим” гэж монголынхоо үнэт өв болох аман зохиолын төрөл зүйлийн нэг зүйр цэцэн үгээ хэрэглэж байхыг уриалж байна. Бид бүхэн баялаг хэлтэй ард түмэн шүү.
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7761)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.