Зочлох үйлчилгээний хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана
Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан Сэжон их сургуулийн Аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лабораторийн захирал Сыль Ки Литэй уулзжээ.
Уулзалтаар нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэжон Их Сургуулийн харьяа Аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лаборатори буюу TIDAL-ийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбар, тэр дундаа зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэдлэг, ур чадварыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор зочлох үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлагын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, мөн албан хаагчдыг TIDAL болон холбогдох байгууллагад туршлага судлуулах, богино болон дунд хугацааны сургалтад хамруулах боломжийг хэлэлцэв. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээс зочлох үйлчилгээний хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.