🔴“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ЕБС-ийн 54 дүгээр сургуульд ажиллаж, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтэд оролцлоо.

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс бага ангийн 189 мянга гаруй хүүхэд хамрагдах юм. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгнө. Хөтөлбөрийг эхлүүлэхтэй зэрэгцэн сурагчдын бие бялдар, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг хэмжээд тодорхой хугацааны дараа гарсан өөрчлөлтийг дүгнэх юм.

e78f5d2448084d5fbedb8a34583b9db5

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Сүүнд 300 гаруй нэр төрлийн амин дэм, амин хүчил агуулагддаг. Тиймээс хүүхдүүд та бүхэн сүүгээ тогтмол хэрэглэж байгаарай. Сүү бол хүүхэд насанд маш чухал ач холбогдолтой хүнс тэжээл юм. Хүүхдүүдийг сүүгээр хангах хөтөлбөр бол цагаан зам мөртэй ажил. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Эрүүл, эрдэм боловсролтой, элбэг хангалуун ирээдүйг бүтээх нь бидний зорилго юм” гэв.

2bea41181b3a4ec09bb90055980f9591

Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 он, БНСУ 1981 он, БНХАУ 2005 оноос сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Сүү хөтөлбөр хэрэгжүүлсэн улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн гэсэн нийгмийн эрүүл мэндийн судалгаа гарч байжээ. Мөн ясны сийрэгжилт, Д витамин болон кальцийн дутагдал арилсан байна.

Хамгийн чухал нь хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд сайжирна гэсэн хүлээлттэй байна. Хүүхдүүдийн 90 орчим хувь нь шүдний цооролтой байна.

Сүү хөтөлбөрийн үр дүнд энэ бүхэн арилж, хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдэнэ гэдгийг холбогдох байгууллагууд судалсан. Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бид гуравдугаар сард Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж байгаа сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Ингэснээр бид ирэх жилээс жилийн дөрвөн улирлын турш дотооддоо үнээний сүүгээ баяжуулж, хүүхдийн эрүүл мэндэд таарсан, боловсруулалт хийсэн сүүгээр хангахаар ажиллаж байна. Хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.