Манай улс Вьетнам улс руу ямааны мах нийлүүлж эхэлжээ
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-г хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ын 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцлаа. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар, яам, холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд гэхэд л манай улс өнгөрсөн жил БНСВУ-д 100 тн ямааны мах экспортолсон байна. Вьетнамчууд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлдээ гаргаж эхэлснийг Элчин сайд Нгуен Дуан Тань хэллээ. Мөн уулзалтаар төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.