NASA сар руу хүн илгээх түүхэн нислэгтээ бэлдэж байна
АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA хүн төрөлхтнийг дахин сар руу илгээх түүхэн зорилго бүхий "Artemis II" даалгаврын бэлтгэл ажлыг эцсийн шатанд нь хүргээд байна. Одоогоор "Space Launch System" (SLS) аварга том пуужинг Флорида дахь Кеннедийн сансрын төвийн 39B хөөргөх талбайд байрлуулсан бөгөөд инженерүүд техникийн эцсийн үзлэг, шалгалтыг хийж эхэлжээ.
Энэхүү бэлтгэл ажлын хамгийн чухал хэсэг болох "Wet Dress Rehearsal" буюу пуужинг түлшээр цэнэглэх болон хөөргөх үеийн бүх үйлдлийг дуурайлган хийх туршилтыг өнөөдөр гүйцэтгэхээр товлосон байна. Энэхүү туршилт нь пуужингийн хөдөлгүүрийн систем, программ хангамж болон газрын удирдлагын багийн бэлэн байдлыг шалгах эцсийн шалгуур гэж хэлж болох юм.
Хэрэв энэхүү туршилт амжилттай болбол NASA түүхэн хөлгөө 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд хөөргөнө. Энэ нь 1972 оноос хойш буюу сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтөн сарны тойрог замд буцаж очих анхны жолоодлогот нислэг болох гэж буйгаараа шинжлэх ухаан, технологийн салбарт онцгой ач холбогдолтой үйл явдал юм.
"Artemis II" даалгавар амжилттай хэрэгжсэнээр цаашдын саран дээр байнгын судалгааны бааз байгуулах, улмаар Ангараг гараг руу хүн илгээх хэтийн зорилгод хүрэх үндсэн суурь тавигдах учиртай. Дэлхийн шинжлэх ухааны салбарынхан болон сансар судлаачид энэхүү түүхэн үйл явдлын үр дүнг амьсгаа даран хүлээж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.