АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны эсрэг олон мянган иргэн жагсав
АНУ даяар өнөөдөр /2026.01.31/ олон арван мянган иргэн нэгдэж, "ICE" буюу Цагаачлал, гаалийн хяналтын албаны үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаалыг зохион байгуулжээ.
Миннеаполис хотод холбооны агентуудын гарт энгийн иргэд амиа алдсан явдлаас үүдэлтэй энэхүү өргөн хүрээний хөдөлгөөн нь өнгөрөгч баасан гарагт болсон бүх нийтийн ажил хаялтын үргэлжлэл юм. Холбооны хууль сахиулах байгууллагынхан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буйг жагсагчид шүүмжилж, шударга ёсыг шаардаж байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжих гол шалтгаан нь Миннеаполис хотод энгийн иргэний амь нас хохирсон хэд хэдэн ноцтой хэрэг байв. Тухайлбал, энэ сарын 7-нд Рене Николь Гүүд хэмээх эмэгтэй машиндаа байхдаа "ICE"-ийн офицерт буудуулж амиа алдсан бол, хэдхэн хоногийн өмнө эрчимт эмчилгээний сувилагч Алекс Претти мөн холбооны агентуудын гарт амиа алдсан юм. Эдгээр эмгэнэлт явдал олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж, "Operation Metro Surge" хэмээх тусгай ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардахад хүргэжээ.

Жагсаалын цар хүрээ урьд өмнө байгаагүйгээр өргөжиж, Нью-Йоркоос Калифорни хүртэлх аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, сурагчид хичээлээ хаясан байна. Миннеаполис хот эсэргүүцлийн төв цэг болж, жагсагчид тэсгим хүйтнийг үл ажран хотын төвөөр жагссан бол Лос-Анжелес, Туксон, Денвер зэрэг хотод мянга мянган хүн нэгджээ. Тухайлбал, Туксон хотод 20 сургууль хичээлээ цуцалж, 6000 орчим хүн төв талбайд цугларсан бол Нью-Йоркийн Бруклинд оюутнууд "ICE"-ийн агентуудыг байрлуулж буй зочид буудлуудын гэрээг цуцлахыг шаардан суулт зарласан байна.
Цагаачлал, гаалийн хяналтын албаныхныг хотуудаас гаргаж, хүний амь нас хохироосон алба хаагчдад хариуцлага тооцон, цаашлаад тус агентлагийг татан буулгахыг жагсагчид шаардаж байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл байдлыг намжаах тухай ярьсан ч холбооны хүчийг татахгүй гэдгээ мэдэгдсэн нь сөргөлдөөнийг үргэлжлүүлэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.