Боловсролын яам: Багш, ажилчдын цалин буураагүй. Жил бүрийн нэгдүгээр сард сурагчдын амралт таардаг учир илүү цаг байдаггүй
Багш, ажилчны үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд нийт дүнгээр авч үзвэл дунджаар 30 орчим хувийн өсөлт гарч буй. Өмнөх цалингаас буурах боломжгүй гэж салбар яамнаас мэдэгдэж байна.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Монголын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийж, цалин нэмэх хэлэлцээрийн биелэлт байхгүй байгааг шүүмжилсэн юм. Тэгвэл энэ асуудалд Боловсролын яамнаас дараах тайлбар мэдээллийг өглөө.
Жил бүрийн нэгдүгээр сард сургуулийн амралт таардаг учраас илүү цаг бараг байдаггүй онцлогтой. Түүнчлэн зарим сургууль, цэцэрлэгт төсвийн санхүүжилт нь дутуу хийгдсэн учраас нэмэгдэл дутуу орсон, цалин дутуу бодогдсон гэх мэт гомдлыг багш нарын зүгээс илэрхийлж байсан юм. Тэгвэл цалин олгохтой холбоотой төсвийн хуваарь хийгдэж, түүний дагуу санхүүжилт бүрэн олгогджээ.
Харин батлагдсан төсвийн хүрээнд төсвийн шууд захирагч нар ур чадвар, унаа хоолыг олгодог. Хэрэв унаа, хоол, ур чадварын нэмэгдлээс бусад нэмэгдэл дээр зөрүү үүссэн бол дараа сарын цалин олголтоор залруулах юм.
Мөн зарим багш нар илүү цагийн хөлсийг нэмэгдсэн үндсэн цалингаас бус хуучин үндсэн цалингаас тооцсон байна гэх гомдол гаргажээ. Илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлсэн цалингаас тооцон олгох ёстой. Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцно гэдгийг салбар яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.