🔴LIVE: "Амар байна уу – 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож, бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар болон Хотын дарга Х.Нямбаатар нар Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу – 2026” үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов.

Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу – 2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилж байна. Энэ жилийн үзэсгэлэнд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байна. Тус үзэсгэлэнд ЖДҮ эрхлэгчид түрээсгүйгээр оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд борлуулж буйгаараа онцлог юм. Ингэснээр иргэд “Амар байна уу 2026” үзэсгэлэнгээс зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

Тухайлбал, хэвийн боов 4800–12,000 төгрөг байгаа бол ааруул кг нь 17,000–50,000 төгрөг, еэвэн 10,000–35,000 төгрөгийн үнэтэй байна. Харин том хүний дээл хийц, материалаасаа хамаарч 250 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол хүүхдийн дээл 15,000–270 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн булган малгай болон ур хийцийн гоёлын дээлийг 1.5–6 сая төгрөгийн сонголттойгоор худалдаалж байна. Түүнчлэн ноолууран оймс, бээлий болон гар урлалын бүтээгдэхүүнийг 3000–80,000 төгрөгөөр борлуулж буй.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид “Үйлдвэрээс шууд – иргэдэд хямд үнэ” гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгааг онцлов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.