🔴Уулын спортын ОУХМ Б.Гантулга: МУҮХ-ны удирдлагууд нь учраа олохгүй, хөрөнгө оруулалтаа татаж чадахгүйгээс болж, тамирчид хохирч байна

AI хөрвүүлсэн

Монголын Уулчдын Үндэсний Холбоо (МУҮХ)-ны удирдлагын түвшинд үүсээд буй зөрчил үл ойлголцол 2023 оноос хойш тасралтгүй үргэлжилж, холбоо хоёр тамга, хоёр удирдлагатай мэт нөхцөл байдалд хүрчээ.

Тодруулбал, 2022 онд сонгогдсон С.Ганхүү тэргүүтэй Удирдах зөвлөлийн нэг тал, нөгөө талд 2023 оны 12 дугаар сард болсон Бага хурлаар ерөнхийлөгчөөр сонгогдсон Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн тал хоорондын маргаан эцэслэгдэхгүй хэвээр байгаа аж. Энэхүү удаан үргэлжилсэн маргааныг таслан зогсоож, хоёр талын удирдлагуудыг хоёуланг нь зайгаа тавьж, холбоог дараагийн үедээ, илүү ил тод, шударга зарчмаар шилжүүлэн өгөхийг Уулын спортын ОУХМ Б.Гантулга уриалж байгаагаа илэрхийлэв.

Уулын спортын ОУХМ Б.Гантулга:

-Монголын ууган спорт холбоодын нэг болох Уулын спортын холбоонд үүссэн дотоод хагарал сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Маргаан 2023 оны 12 дугаар сарын 2-нд болсон бүх гишүүдийн ээлжит бус хурлаас эхтэй. Тухайн үед Удирдах зөвлөл болон Ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой байсан ч нэр дэвшигчдийн хооронд үл ойлголцол үүсэж, хурал хоёр тал болон хуваагдсан. Нэг хэсэг нь хурлыг орхиж гарсан бол, үлдсэн хүмүүс нь Ерөнхийлөгчөө сонгосон нь өнөөдрийг хүртэл үргэлжилж буй "Ерөнхийлөгч мөн, биш" гэх маргааны эхлэлийг тавьсан. 

Нөхцөл байдал 2024 он дамнан үргэлжилсээр 2025 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэр гарч, дараагийн хурлыг зарлах мэдэгдэл гишүүн байгууллагуудад хүргэсэн. Энэ үеэр миний бие залуучуудын төлөөлөл болж, аль нэг талыг баримтлахгүйгээр "гуравдагч хүчин" байдлаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Хэдийгээр тухайн хурал дээр олонхын санал авсан ч Улсын бүртгэлд бүртгүүлэх явцад Б.Гангаамаа гавьяат өөрийгөө Ерөнхийлөгчөөр бүртгүүлсэн байсан. 

Одоогийн байдлаар МУҮХ хоёр тамгатай, хоёр удирдлагатай болоод байгаа. Нэг талд С.Ганхүү гэх хүн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бол, нөгөө талд Б.Гангаамаа гавьяат өөрийгөө Ерөнхийлөгч гэж үзэж байгаа. 2022 онд сонгогдсон, Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй байгаа Удирдах зөвлөлийн 11 гишүүний 8 нь ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ гаргасан ч талууд тус тусдаа хурал зарлаж, учраа олохгүй байсаар гишүүн клубүүд болон тамирчдыг туйлдуулж байна.

Энэхүү зөрчил нь спортын хөгжилд асар их хохирол учруулж байна. Удирдлагуудын үл ойлголцлоос болоод хөрөнгө оруулалт татаж чадахгүй, шийдвэр гаргалт гацсан тул мөсөнд авиралт, спорт авиралтын хана барих зэрэг олон ажил зогссон. Манай холбоо улсаас ямар нэгэн татаас байхгүй. Зөвхөн өөрсдийн хөрөнгөөр бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Тамирчин хүний амжилт гаргах нас богинохон. Ид үедээ яваа залуучууд маань энэ хэрүүлээс болоод боломжоо алдаж байна. Сүүлийн гурван жил холбооны үйл ажиллагаа үндсэндээ 'унтаа' байдалд орсон нь үнэн. 

Би Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин. Холбооны ирээдүйн төлөө хоёр талыг хоёуланг нь зайгаа тавьж өгөхийг уриалж байна. Миний энэхүү уриалга ямар нэгэн албан тушаал хэн нэгний талд бус уулын спортод хайртай хувь хүнийхээ хувьд гаргаж буй үйлдэл. Залуу үеийнхэн маань энэ хэрүүлээс залхаад дайжиж эхэллээ. Тиймээс хоёр тал хоёулаа татгалзаж, шинэ менежментийн багт боломж олгох хэрэгтэй гэлээ. 

Монголын Уулчдын Үндэсний Холбоог хувь хүний өмч биш, нийт тамирчдын гэр гэдгийг ухамсарлаж, нээлттэй, ил тод, шударга хурал хийж удирдлагыг шинээр сонгох нь энэхүү гацаанаас гарах цорын ганц арга зам болоод байна хэмээн тэрбээр дээрх байр суурийг илэрхийллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.