🔴 “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай нөлөөллийн аяныг зохион байгуулж байна
Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгууллагуудаас өсвөр насныхны дунд үйлдэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлт, цахим гадуурхалт, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хамтарсан мэдээлэл хийлээ. Мөн цагдаагийн байгууллага болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай нөлөөллийн аяны талаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан:
-Улсын хэмжээнд 2025 оны байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 2300 орчим бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 530 орчим хэргээр буюу 17-18 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан. Гэсэн хэдий ч энэ оны эхний улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Ялангуяа сүүлийн саруудад 16-17 насны хүүхдүүд бие биеэ дээрэлхэх, дарамтлах, эд зүйлийг нь нэхэж айлган сүрдүүлэх, гадуурхах тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа. Энэ асуудал нь хохирогч хүүхдийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлж, сургууль завсардах, шилжин суралцах зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас "Хүүхдээ хайрлаж хамгаалъя" нөлөөллийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний үргэлжлэл болгон "Эвдрээгүй ирээдүйг бүтээе" аяныг тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд бусдыг дээрэлхдэг, нэр төрд нь халддаг цахим бүлгэмүүдэд тавих хяналтыг эрчимжүүлж байна. Эцэг эхчүүд бусдын хүүхдийн биед халдах зэргээр өөрсдөө хууль бус арга хэмжээ авах тохиолдол гарч байгаа тул соён гэгээрүүлэх, мэдээлэл хүргэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эрүүгийн хуульд "үе тэнгийн дээрэлхэлт" гэсэн тусгайлсан зүйл анги байхгүй ч тухайн үйлдлийн шинж чанараас хамааран эрүүгийн хэрэг үүсгэх эсвэл Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог. Хэрэв бусдыг дээрэлхэж хүнд гэмтэл учруулсан бол 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай. Олон нийтийн сүлжээнд тархсан хүүхдүүд бие биедээ халдаж буй бичлэгтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна. Насанд хүрээгүй хүний холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу чанд нууцлалтай явагддаг.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат:
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын хамтарсан судалгаагаар хүүхдүүдийн дийлэнх нь насны хязгаар заасан шаардлагыг хангаагүй ч олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд үе тэнгийн дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Хүүхдүүд энэ талаар эцэг эх, асран хамгаалагчдадаа хэлдэггүйгээс асуудал далд хэлбэрт шилжих эрсдэлтэй байна. "И-Монгол" академиас "E-Kids" цэсийг хөгжүүлж, хүүхэд цахим болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд 108, 102 тусгай дугаар болон нийгмийн ажилтан руу шууд мэдээлэл илгээх, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой технологийн шийдлийг нэвтрүүлсэн.
Хохирогч хүүхдүүдэд сэтгэл зүйн болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг шат дараатай үзүүлж байгаа. Мөрдөн шалгах албанд тусгайлан хоёр сэтгэл зүйч томилогдон ажиллаж байна. Цахим орчин дахь хяналтын хүрээнд өнгөрсөн хугацаанд дээрэлхэлт болон садар самуун сурталчилсан 500 гаруй цахим бүлгэмийг устгуулсан, энэ оны эхний гурван сарын байдлаар 35 бүлгэмийг хаалгах саналыг холбогдох байгууллагад хүргүүллээ. Цахим гэмт хэргийн шинжтэй, хаалттай группүүдийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
E-Mongolia Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Гүнзаяа:
-Хүүхдүүдийн 90 орчим хувь насны шаардлага хангаагүй олон нийтийн сүлжээг хэрэглэж байна. Цахим орчинд хандалт авах зорилгоор худал мэдээлэл тараах, хэрэгт холбогдсон хүүхдүүдийн зураг, мэдээллийг нийтэлж заналхийлэх, гадуурхах нь өөрөө дээрэлхэлтийн нэг хэлбэр бөгөөд хуулийн хариуцлагатай хүлээдэг. Тиймээс хэрэг маргааныг шалгаж шийдвэрлэх явцад эцэг эхчүүд хүлээцтэй, соёлтой хандаж, хууль хяналтын байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна. Нийгмийн шаардлагаар цахим хэрэглээний аюулгүй байдлыг сурталчлах зорилгоор энэ аяныг хэрэгжүүлж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.