🔴АН-ын бүлэг: Парламентын дархлаа сулрах нь улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө

AI хөрвүүлсэн

УИХ дахь Ардчилсан намын (АН) бүлгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн олонх буюу 25 гишүүн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжихгүй гэх байр суурьтай байна. Хуулийн төсөлд шүүх болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаар гишүүнийг шууд эгүүлэн татахаар тусгасан нь УИХ-ыг ямар ч дархлаагүй болгож, Монгол Улсын парламентын тогтолцооноос ухарсан үйлдэл гэж АН-ын бүлэг үзэж байна. Парламентын дархлаа сулрах нь улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө хэмээн онцоллоо.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга:

-УИХ-ын гишүүд хуулийн өмнө иргэдийн адил хариуцлага хүлээх ёстойг тус бүлгээс үгүйсгээгүй бөгөөд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хуулийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн дэмжинэ. Гагцхүү гэмт хэрэг биш, харин "ёс зүй" гэх субьектив ойлголтоор шалтаглан ард түмний сонголтыг үгүйсгэж, гишүүнийг эгүүлэн татах нь төрийн эрхийг хууль бусаар авах, парламентыг сулруулах эрсдэлтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэхүү хуулийн төслөө эргүүлэн татах боломжтой гэж найдаж байгаа. Намын дотоод сонгууль амжилттай болж, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 70 орчим хувь нь шинэчлэгдсэн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо түр хойшилсон нь намын дотоод ардчиллын илрэл. Намын дүрмийн бус "Онц их хурал" гэгчийг зарлаж, намын туг далбааг дур мэдэн ашиглаж байгаа үйлдэлд шинээр байгуулагдсан Хяналтын ерөнхий хороо дүгнэлт гаргаж, хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ. АН 2028 оны сонгуульд олонх болж засаглах зорилт тавьж байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хоёр дахин нэмэгдүүлэх бодлогын суурь баримт бичгүүдийг ирэх хоёр жилийн хугацаанд боловсруулж, судалгаа шинжилгээнд суурилсан улс төрийн хүчин байхын төлөө дотоод шинэчлэлээ эрчимжүүлж байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-ҮАБЗ-ийн ажлын албаны нарийн бичгийн дарга Бямбажаргал нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүний асуултад хариулахын оронд илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд түүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. 

Үе үеийн ерөнхийлөгчид гишүүнийг эгүүлэн татах хуулийг оруулж ирдэг. Бид олон мэдээлэл дунд амархан мартчихдаг. Одоо дахин парламент руу халдсан хуулийн төсөл орж ирж байна. Монголд парламент байхгүй бол тусгаар тогтнол байхгүй. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

АРД 25 минут
ТЭГВЭЛ АРД ТҮМЭН ИХ ХУРЛЫГ ТАТАН БУУЛГАХ ЭРХ ОЛГО. НЭГЭНТ АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛ ЮМ БОЛ АРД ОЛНЫ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ ХӨЛЖИЖ ДЭЭРЭЭС НЬ БААЖ ШЭЭЖ НУЛИМЖ БАЙГААЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ЯВДЛЫГ ЗОГСООЖ НИЙГМИЙН АРИУН ЦЭВРИЙГ САХИМААР БАЙНА.