"Эрчим хүчний салбарын долоо хоног" эхэллээ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Эрчим хүчний салбарын долоо хоног” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ. “Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт ба тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ эрчим хүчний салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн суурь дэд бүтэц бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг дунджаар 5-7 хувийн өсөлттэй байгаа хэдий ч цахилгаан эрчим хүчний хэрэглээ үүнээс илүү хурдацтай, жилд 7-10 хувиар өсөж байгаа нь эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдах нөхцөлийг бий болгож байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг дунд болон урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Цаашид эрчим хүчний салбарт шаардлагатай их хэмжээний хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвөөр шийдвэрлэх боломж хязгаарлагдмал тул төр-хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн шинэлэг механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатай байгааг анхаарч ажиллаж шаардлагатай гэдгийг онцлов.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа шинэ Засгийн газрын эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөв. Тэрээр хэлсэн үгэндээ манай салбарт хийх ажил маш их байна, гэхдээ бидэнд нэн яаралтай тулгамдсан хоёр асуудал байгаа бөгөөд нэгдүгээрт тарифын асуудал, хоёрдугаарт ирэх өвлийн өвөлжилтийн бэлтгэл хангах асуудал гэдгийг онцоллоо. Түүнчлэн энэ долоо хоногийн арга хэмжээн салбарын бодлого тодорхойлоход төдийгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж харж Эрчим хүчний яамны зүгээс өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг дурдлаа. Эрчим хүчний салбарын тулгамдаж буй асуудал нь салбарын асуудлаасаа аль хэдийн халиад улс орны эдийн засгийн суурь асуудал болоод байгаа тул Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр салбарын асуудалд анхаарч, ач холбогдол өгч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Энэ долоо хоногийн хувьд эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт, зах зээлийн болон тарифын зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тархмал эх үүсвэрийн хөгжүүлэлт, шинэ төслүүдийн явц боломж, салбар дах зөвшөөрөл, журам нормын шинэчлэл, хүний нөөц боловсон хүчний тулгамдсан нөхцөл байдал зэрэг асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн юм.


“Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв ба бодлогын чиглэл” сэдвээр Эрчим хүчний яамны бодлогын газрын дарга И.Лувсанцэрэн, “ҮТХН-3.0-т эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр” сэдвээр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, “Эрчим хүчний салбарын шилжилт, саад бэрхшээл, боломжит шийдэл ба хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг нарын төр хувийн хэвшлийн төлөөлөл илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцлоо.
Хөтөлбөрийн хүрээнд мягмар гарагт “Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчин, зах зээлийн бүтцийн өөрчлөлт, шаардлага” сэдвийн хүрээнд эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, замын зураглал, цахилгааны зах зээлийн загварын өнөөгийн байдал, цаашдын шинэчлэл, ЦЭХХХАГ гэрээний өөрчлөлт, Дулаан хангамжийн системд тулгамдаж буй асуудлууд ба үнэ тариф, эрэлтийн удирдлага-СЭХ-ний хэрэглэгчийн ангиллын хэрэгцээ зэрэг илтгэл, хэлэлцүүлгүүдээр арга хэмжээгээр үргэлжилнэ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.