“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц”  /ДЦС-5/ төслийн трасст нийт 26 нэгж талбар өртсөн. Өнөөдрийн байдлаар 25 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай үргэлжилж байна. Тус 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газарт барина. 

Уг станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хороолол орчмын 100 мянган айлыг эрчим хүчээр хангах юм. Мөн Улаанбаатар хотын баруун хойд бүсийн 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолжээ. Үүнээс үзэхэд байгаль орчны цэвэр, онгон экосистемд ноцтой хохирол учруулахгүй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах, зуух, усны хэрэглээг багасгах, агаарын хөргөлттэй конденсатор, хаягдал ус боловсруулах систем болон үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.