🔴Н.Номтойбаяр: Гамшгаас урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, хариуцлага нэн чухал
Шадар сайд Н.Номтойбаяр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй нээлттэй өдөрлөгийн үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хийгдэх гурван үндсэн чиглэлийн ажлыг иргэдэд танилцууллаа.
Шадар сайд Н.Номтойбаяр:
-Нэгдүгээрт, гамшгийн эрсдэлийн удирдлага болон онцгой байдлын асуудал. Улсын онцгой комиссын даргын хувьд байгалийн давагдашгүй хүчин зүйл болон хүний хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй гамшгаас урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, хариуцлага нэн чухал. Мөн онцгой байдлын албаны техник хэрэгслийн хангалт өнөөдрийн байдлаар дөнгөж 41.6 хувьтай байгаа. Талбайд дэлгэсэн техникүүд нь хамгийн өнгөтэй өөдтэй хэсэг нь. Цаашид тоног төхөөрөмжийн хангалтыг улсын төсөв, гадаадын хандивлагчид болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийн зэрэгцээ алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулж, боловсон хүчний тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллана
Хоёрдугаарт, стандартчиллын шинэчлэлийн асуудал. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан техникийн стандартуудыг шинэчлэн тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Дэлхийн улс орнуудад 25-26 мянган стандарт мөрдөгддөг бол манай улсад ердөө 5000-6200 орчим стандарт хэрэгжиж байгаа. Энэ шинэчлэлийн хүрээнд иргэд, хувийн хэвшлийнхэн стандартын талаарх анхан шатны мэдлэгтэй болж, өөрсдөө хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлэх нь чухал.
Гуравдугаарт, бүсчилсэн хөгжлийн бодлого. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, аж үйлдвэрийн цогц бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа долоон бүсийн нэг болох Улаанбаатар хотын гэр хорооллыг эдийн засгийн чиг баримжаатайгаар хөгжүүлэх, утаа униартай тэмцэх цогц хөтөлбөрийг харьяа агентлагууд боловсруулж байгаа. Ирэх долоо хоногоос олон нийтэд танилцуулна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.