Их Британийн хаан III Чарльз АНУ-д төрийн айлчлал хийнэ
Их Британийн хаан III Чарльз болон хатан Камилла нар 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад өндөр түвшний төрийн айлчлал хийхээр болсныг албан ёсоор баталлаа. Энэ нь 2007 оноос хойш Их Британийн хаан ширээнд суусан хүн АНУ-д хийж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд хоёр орны дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Айлчлалын хүрээнд хаан III Чарльз дөрөвдүгээр сарын 28-нд АНУ-ын Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлэх урилгыг Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоноос хүлээн авсан байна. Ингэснээр тэрээр 1991 онд эх хатан II Элизабетээс хойш тус улсын Конгресст үг хэлсэн Их Британийн хоёр дахь хаан болох юм. Түүнчлэн дөрвөн өдрийн турш үргэлжлэх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Доналд Трамптай таван удаа биечлэн уулзахаар төлөвлөжээ. Цагаан ордонд болох албан ёсны угтан авах ёслол болон төрийн хүндэтгэлийн зоогийг Ерөнхийлөгч Д.Трамп тэргүүлэн зохион байгуулах аж.
Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд үүсээд буй дипломат үл ойлголцлыг зөөлрүүлэх "зөөлөн хүч"-ний томоохон алхамд тооцогдож байна. Одоогийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа болон Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын хооронд Иран дахь мөргөлдөөний асуудлаар байр суурийн зөрүүтэй байдал үүсээд байгаа юм. Ерөнхийлөгч Д.Трамп Иран дахь АНУ-ын цэргийн ажиллагаанд Их Британийн засгийн газар хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна хэмээн шүүмжилж буй энэ эгзэгтэй үед хааны гүйцэтгэх ёслолын үүрэг нь хоёр талын харилцааг дахин баталгаажуулахад тусална гэж Британийн албаныхан найдаж байна.
Хааны гэр бүлийн айлчлал нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Тэд Вашингтон хотноо дээд хэмжээний уулзалтууд хийсний дараа дөрөвдүгээр сарын 29-нд Нью-Йорк хотыг зорин, 9/11-ийн халдлагын 25 жилийн ойд зориулан хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, аврагчидтай уулзана. Мөн Виржиниа мужид зочилж, уугуул иргэд болон байгаль хамгаалах бүлгүүдийн төлөөлөлтэй уулзах бөгөөд АНУ дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа тавдугаар сарын 1-нд Бермудын арлуудыг зорих хуваарьтай байна.
Айлчлалын бэлтгэл ажлын үеэр зарим нэг маргаантай асуудал гарсан бөгөөд Букингемын ордон хаан III Чарльзыг Жэффри Эпштейний хэрэгт хохирсон хүмүүстэй уулзуулах хүсэлтээс татгалзсан байна. Энэ нь түүний дүү Эндрютэй холбоотой хуулийн шалгалт үргэлжилж байгаатай холбоотой аж. Гэсэн хэдий ч түүхэн онцгой цаг үед хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь улс төрийн санал зөрөлдөөнийг үл харгалзан Их Британи болон АНУ хоорондын уламжлалт, бат бөх харилцааг дэлхий дахинд дахин нотлон харуулах чухал ач холбогдолтой үйл явдал болно гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж:
• time.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.