Ерөнхийлөгч асан Орбаны ойрын хүрээллийн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна
Унгарын улс төрийн орчинд түүхэн эргэлт гарч, 2026 оны 4 дүгээр сарын 12-нд болсон бүх нийтийн сонгуулиар Петер Магярын тэргүүлсэн баруун төвийн үзэл баримтлалтай "Тиса" нам үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Шинээр сонгогдсон удирдагч Петер Магяр шилжилтийн төлөвлөгөөнийхөө гол цөм болгон хариуцлага тооцох механизмыг нэрлэжээ.
Түүний хамгийн эхний хийх ажлуудын нэг нь Унгар улсыг Европын Нийтийн Прокурорын Газарт (EPPO) элсүүлэх явдал бөгөөд ингэснээр 2017 оноос хойшхи Европын холбооны санхүүжилтийг урвуулан ашигласан байж болзошгүй хэргүүдийг шалгах эрх зүйн орчин бүрдэх юм. Мөрдөн байцаалтын гол бай нь Орбаны ойрын хүрээллийнхэн, тухайлбал түүний багын найз, тэрбумтан Лөринц Месарош болон Гадаад хэргийн сайд асан Петер Сиярто нар байх төлөвтэй байна. Сияртог Кремльд мэдээлэл дамжуулсан, мөн засаг захиргааны сүүлийн өдрүүдэд нууц баримт бичгүүдийг устгасан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Түүнчлэн хулгайлагдсан нийтийн өмчийг буцаан авах зорилгоор Хөрөнгө нөхөн сэргээх, хамгаалах үндэсний газрыг байгуулахаа шинэ Ерөнхий сайд зарлав.
Дөрөвдүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд хийсэн анхны хэвлэлийн хурлынхаа үеэр Магяр өмнөх засгийн газрыг "зохион байгуулалттай гэмт бүлэглэл" хэмээн хатуу шүүмжилсэн байна. Тэрээр Унгар улс өнгөрсөн хугацаанд Европын холбооны хамгийн ядуу, авлигад идэгдсэн орон болтлоо тоногдож, сүйрсэн болохыг мэдэгджээ. Улмаар тавдугаар сарын 5-нд эрх мэдлийг саадгүй шилжүүлэхийн тулд Ерөнхийлөгч болон гол албан тушаалуудад томилогдсон Орбаны талынхныг нэн даруй огцрохыг шаардсан байна. Эдийн засаг, улс төрийн гэмт хэрэгтнүүдийг улс төрийн нөлөөллөөс ангид шүүх боломжийг бүрдүүлэхийн тулд шүүхийн хараат бус байдлыг сэргээх нь шинэ засгийн газрын нэн тэргүүний зорилт болоод байгаа аж.
Шинэ засгийн газар гадаад болон дотоод бодлогодоо эрс өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа аж. Хууль дээдлэх ёсыг сэргээж, Европын прокурорын байгууллагатай хамтран ажилласнаар 2026 оны 6 дугаар сар гэхэд царцаагдсан 17-оос 18 тэрбум еврогийн Европын холбооны санг нээх зорилт тавьжээ. Мөн парламентын үнэмлэхүй олонхын давуу талаа ашиглан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг хоёр удаагаар хязгаарлах нь дарангуйлал дахин тогтохоос сэргийлсэн чухал алхам болно гэж үзэж байна. Мөн, гадаад бодлогын хувьд Унгар улс Оросын нөлөөнөөс гарч, НАТО-той харилцаагаа сайжруулан, Украиныг илүү хүчтэй дэмжих чиглэл баримтлах нь тодорхой болж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.