Ц.Идэрбат: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2025 оны эцсийн байдлаар 108,378 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 76.2 хувь буюу 82,562 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. ЖДҮХС нь 2009-2025 онд Улсын төсөв, Засгийн газрын бонд, Чингис бонд, Хөгжлийн банкны зээл болон орон нутгийн төсөв, тэдгээрийн эргэн төлөлтөөс нийт 1.13 их наяд төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, 9272 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмаар Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл, зээлийн хугацаа, хүү, эх үүсвэрийн багцын хуваарилалт, зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл, шаардлагыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байдаг. Дээрх заалтын дагуу одоо мөрдөгдөж байгаа Хууль, журамд нийцүүлэн таван жилээр олгосон байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сунгах боломжтой юм.
Тухайлбал 100 сая төгрөгийн зээл авсан нэг аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа таван жил байгаа бөгөөд үүнийг хоёр жилээр сунгаж долоон жил болгоход жилд 8,500,000 төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсэж, хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэнэ.
Иймд бүс нутгийн хямрал, мөргөлдөөнд дэлхий нийтээрээ нэрвэгдэж буй өнөөгийн нөхцөлд валютын өсөлт, импортын хамаарал зэргээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх aсуудлын хүрээнд шийдвэрлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанд хийсэн танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгалаа.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэвлэлд мэдээлэл өгөхдөө, ЖДҮ-ийн сангийн зарцуулалтыг ил тод болгох, хугацаа, эргэн төлөлттэй холбоотой үүрэг чиглэлийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр авснаа мэдээлж, ЖДҮ-ийн хөнгөлөлттэй таван жилийн зээлийн гэрээг өөрчилж хугацааг долоон жил болгон сунгах, ЖДҮ-ийн зээл олгодог журмыг ойлгомжтой, хялбар болгож, зээлийг 30 хоногт зарлаж, 15 хоногт шалгаруулах, 15 хоногт зээлийг өгөх зохицуулалтыг хийх боломжтой талаар мэдээлж, холбогдсон тушаал гарган ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.