🔴ГЕГ: Албан үүрэгтээ хайнга хандсан, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон зургаан албан тушаалтныг гаалийн албанаас чөлөөлсөн
Гаалийн байгууллагын дотоод хяналт хариуцсан нэгж 2025 онд 97 албан хаагчтай холбоотой гомдол мэдээллийг шалгаж, 26 албан хаагчийг авлигын хэрэгт холбогдсон эсэхийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 63 хүнд төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, зургаан албан тушаалтныг гаалийн албанаас чөлөөлсөн байна.
Тодруулбал, Албан үүрэгтээ хайнга хандсан, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, ажил тасалсан, хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн зэрэг зөрчлүүд зонхилж байна.
2026 оны эхний байдлаар нийт есөн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнээс дотоод хяналт хариуцсан нэгжид иргэд, ААН-ээс 23 удаагийн гомдол, мэдээлэл ирүүлсэнтэй холбогдуулан 54 албан хаагчийг шалгаж, холбогдох шийдвэрийг гарган иргэд ААН-үүдэд хариу мэдээллийг хүргүүлжээ.
ГЕГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Б.Төмөр-Очир:
-Өнгөрсөн онд Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хүрээнд нийт 100 орчим албан хаагчийг шалгасан. Үүнээс авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй тодорхой хувийг Авлигатай тэмцэх газар зэрэг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Нийт шалгагдсан албан хаагчдын 60 орчим хувьд нь хариуцлага тооцсоноос 63 албан хаагчид сахилгын арга хэмжээ авч, зургаан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү дотоод хяналт шалгалтын мэдээллийг төрийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу gov.mn цахим хуудсанд нээлттэй байршуулж байна.
Иргэд болон аж ахуй нэгжээс ирж буй өргөдөл, гомдлыг шийдвэрлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Учралын өнгөрсөн оны 12 дугаар сард баталсан журмын дагуу улирал бүр дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Судалгаанаас үзэхэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс гаалийн үйлчилгээг хэвийн, шуурхай гэж дүгнэдэг бол иргэдээс дараалал ихтэй, хууль дүрэм ойлгомжгүй гэх шалтгаанаар зөвлөгөө, тусламж хүссэн хандлага түгээмэл байдаг. Иймд Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан гаалийн байгууллагаас анх удаа үйлчлүүлж буй иргэдэд зориулсан "Зөвлөн туслах үйлчилгээ"-г нэвтрүүлж, гомдлын тоог бууруулахаар зорьж байна.
Гаалийн байгууллага дахь ёс зүй болон авлигын асуудлыг хоёр тусад нь авч үздэг. Ёс зүйн зөрчлийг удирдах албан тушаалтны оролцоогүй, жирийн албан хаагчдаас бүрдсэн Ёс зүйн дэд хороо бие даан хэлэлцэж шийдвэрлэдэг. Харин гэмт хэргийн шинжтэй, авлига, ашиг сонирхлын асуудлыг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлдэг гэлээ.
Хэдийгээр энэ төрлийн зөрчил бүрэн арилаагүй байгаа ч Авлигатай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, төлөвлөгөөний үр дүнд зөрчлийн тоо буурч байгааг албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.