🔴LIVE: Ж.Батжаргал: УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож, эгүүлэн татах хуулийг УИХ-ын гишүүд дэмжинэ гэж итгэж байна
УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор нэгдсэн байр суурьт хүрээгүй бөгөөд гишүүд олон ургалч үзлээр, чөлөөтэй мэтгэлцэх зарчмыг баримталж байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдэгдлээ.
УИХ бол ард түмний төр барих эрхийг мандатаар хэрэгжүүлдэг 126 гишүүнтэй төлөөллийн дээд байгууллага. Тиймээс асуудлыг хэлэлцэх эсэхээсээ илүүтэй олон ургалч үзэлд тулгуурлан, улс орны амьдралд нийцтэй төрийн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал болохыг бүлгийн удирдлагууд онцолж байна. Мөн иргэдийн зүгээс УИХ-ыг хариуцлагатай, бүтээлч, ёс зүйтэй байхыг шаардаж буй энэ цаг үед 105 жилийн түүхтэй МАН-ын гишүүд нийгмийнхээ хүсэмжлэлийг бүрэн ойлгож, ёс зүйн өндөр хэм хэмжээнд ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нам болон бүлгийн даргын зүгээс хуулийн төслийг дэмжихийг шаардаж, гишүүд рүү хандсан гэх мэдээллийг үгүйсгэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан бөгөөд түүнийг хэлэлцэн боловсронгуй болгож батлах нь парламентын онцгой бүрэн эрх юм. Одоогоор гишүүд хуулийн төслийн дийлэнх заалт дээр санал нэгдэж байгаа бөгөөд зөрүүтэй цөөн хэдэн заалтыг чуулганы хуралдаанаар олон талаас нь хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.
МАН 2016-2024 онд УИХ-д үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн хүчнүүдтэй зөвшилцөж байсан. Үүний үр дүнд парламентын засаглал бэхжиж, 2024 оны сонгуулиар таван улс төрийн хүчин УИХ-д суудалтай болсон түүхтэй.
Тиймээс энэ удаагийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-д суудалтай намуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ингэснээр анхаарал татсан заалтуудыг хууль зүйн хувьд нийцүүлж, парламентын ардчилал, чадамж, дархлааг хангасан чанартай хууль батлан гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.