🔴LIVE: С.Баярцогт: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хоёр заалтыг дэмжиж байгаа
Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилсан намын шинэ дүрмийн дагуу намын Ерөнхий нарийн бичгийн даргын (ЕНБД) түр орлон гүйцэтгэгчээр С.Баярцогтыг нэг сарын хугацаатайгаар томилжээ.
Өмнө нь Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) хуралдаанаар нэр дэвшсэн хүн олонхын санал аваагүй тул өнөөдөр Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар шинээр нэр дэвшүүлж, дийлэнх олонхын саналаар баталсан байна. Өмнөх дүрмээр үүрэг гүйцэтгэгчийн хугацааг тодорхой заагаагүйгээс олон жилийн турш жинхэнэ ЕНБД-гүй явж ирсэн бол Улс төрийн намын тухай шинэ хууль болон намын шинэ дүрмээр энэ хугацааг нэг сараар хязгаарлажээ. Ирэх тавдугаар сарын 15-наас өмнө ҮБХ дахин хуралдаж, ЕНБД болон намын таван дэд даргын асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Өнөөдрийн Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар намын үйл ажиллагааны гурван чухал журмыг хэлэлцэж, тус бүр дээр ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, Бодлогын ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны журмын ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга С.Пүрэвдорж, Улс төрийн зөвлөлийн үйл ажиллагааны журмын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Түвшин нар тус тус ахлан, таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар тогтоол баталжээ.
Мөн хуралдааны үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь намын бүлгийн даргын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийв. Тэрбээр намын дотоод зохион байгуулалтын асуудал цэгцэрсний дараа намын дарга болон бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэсэн байр сууриа Улс төрийн зөвлөлд танилцуулсан байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ. Уг хуулийн төслийн хоёр заалт нь хэрэгжүүлэх боломжтой байгаа бол нөгөө хоёр заалт нь институц хоорондын болон Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг хэтрүүлсэн шинжтэй байна гэж үзжээ. Тиймээс хэлэлцүүлгийн явцад зөрчилтэй хоёр заалтыг хасаж, үлдсэнийг нь дэмжих боломжтой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсэн байна. УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд, гишүүд өөр өөрийн байр сууриар хандах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Шинээр томилогдсон ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтын зүгээс Улс төрийн намын тухай хууль болон шинэ дүрмийн дагуу намын бүтэц, зохион байгуулалтыг богино хугацаанд цэгцлэхээ мэдэгдлээ. Мөн олон фракцын нэгдэл болохын хувьд эв нэгдлийг хангах, бүх шатны намын байгууллагатай нягт хамтран ажиллах, 2027-2028 оны сонгуульд зориулан боловсон хүчин бэлтгэх, шат дараалсан сургалтууд зохион байгуулах зэрэгт гол анхаарлаа хандуулж, улс төрийн кампанит ажилд шууд орно гэдгээ онцолсон юм. Улс төрийн зөвлөлийн дараагийн хуралдааныг дүрмийн дагуу тав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 20-нд хийхээр товложээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.