Киргиз улс орос нэртэй тосгодынхоо нэрийг өөрчилж байгаа юу
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас тус улс дахь орос хэлээр нэрлэгдсэн бүх тосгоны нэрийг солих гэж байгаа гэх мэдээллийг албан ёсоор няцаалаа.
Ерөнхийлөгч Садыр Жапаров Ош мужийн Алай дүүргийн оршин суугчидтай уулзах үеэрээ хэлсэн үгийг хэвлэл мэдээллийнхэн буруугаар тайлбарласан бөгөөд одоогоор ийм асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй болохыг хэвлэлийн нарийн бичгийн дарга Аскат Алагозов мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгчийн тамгын газраас өгсөн мэдээллээр, төрийн тэргүүн голчлон суурин газруудыг түүхэн хүмүүс болон улс төрчдийн нэрээр нэрлэхийг хориглох тухай ярьсан аж. Энэ нь дотоодын нийгмийн хуваагдал, хэний нэрийг өгөх нь зүйтэй вэ гэх маргаанаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Хэдийгээр зарим орос нэрийг сольсон ч алдартай хүмүүсийн нэрээр орлуулахгүй бөгөөд түүхэн хүмүүс ард түмний ой тоонд хэдийнэ үлдсэн тул тосгонд тэдний нэрийг өгөх нь нутгийн иргэдийн дунд зөрчилдөөн үүсгэдэг болохыг Садыр Жапаров онцолжээ.
Газар усны нэрийг өөрчлөх санаачилгын үндсэн зорилго нь үндэсний онцлогийг бэхжүүлэх, киргиз хэлийг сурталчлах, түүхэн топон нэршлийг сэргээхэд оршиж байна. Садыр Жапаров 2021 онд албан тушаалдаа орсноос хойш 15 гаруй суурин газрын нэрийг албан ёсоор өөрчилсний дотор Чуй мужийн Военная-Антоновкаг Кожомкул, Иссык-Көл мужийн Семеновкаг Кожояр-Ата болгон тус тус сольсон байна.
Дээрх үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын албаны хүмүүс санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Оросын Төрийн Думын ТУХН-ийн хэрэг эрхлэх хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Затулин үүнийг "Бишкек өөрийн байр сууриа бататгаж, хамтын өнгөрсөн түүхээсээ холдох гэсэн хүсэлтэй" холбон тайлбарласан байна.
Одоогийн байдлаар Киргиз улсын засгийн газар орос нэртэй тосгодыг бүхэлд нь онилж өөрчлөх идэвхтэй төлөвлөгөөгүй бөгөөд зөвхөн хувь хүний нэрээр нэрлэхийг хориглох, газар усны нэршлийг цэгцлэх үйл явцад анхаарлаа хандуулж байна. Гэсэн хэдий ч Алай дүүрэгт болсон уулзалтын үеэр гарсан анхны мэдээлэл нь тус улс дахь орос хэлээрх газар зүйн нэршлийн ирээдүйн талаарх томоохон мэтгэлцээнийг өрнүүлсэн хэвээр байна.
Эх сурвалж:
• zamon.uz
• piter.tv
• dzen.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.