Хэн, хэдийг хувийн эмнэлгийн удирдлагуудаас авсны төлөө шийтгүүлэв?

Хэн, хэдийг хувийн эмнэлгийн удирдлагуудаас авсны төлөө шийтгүүлэв?

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаал хашиж байхдаа хувийн эмнэлгийн удирдлагаас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд, Д.Баянжав, “Баянзүрх-Эмнэлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Айгиймаа, чанарын хяналтын мэргэжилтэн С.Ундрам, “Нандин-ухаан” эмнэлгийн захирал Т.Ариунтуяа, “Анхтуяа” ХХК-ийн захирал Т.Анхтуяа, нэгэн эмнэлгийн албан тушаалтан Ө.Мөнхтулга, иргэн С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

2024 оны арваннэгдүгээр сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан, 2025 оны дөрөвдүгээр сард урьдчилсан хэлэлцүүлгийг нь шүүх хийж гэм буруутай, эсэхийг нь шийдвэрлэхээр болсон энэ хэргийн шүүх хурал оролцогчид буюу өмгөөлөгч нараас ихэвчлэн шалтгаалж арав гаруй удаа хойшилсон. ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд нартай хамтран “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяагаас 70, “Анхтуяа” ХХК-ийн захирал Т.Анхтуяагаас 50 сая төгрөгийн хахууль авсан. Л.Бямбасүрэн уг мөнгөнөөс 50 саяыг нь хамт ажилладаг Даваадулам гэх хүний данс руу шилжүүлж, “Мерседес бенз” загварын 8624УК... улсын дугаартай автомашиныг түүний нэр дээр авсан. ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нь дээрх эмнэлгүүдээс авсан хахуулийн мөнгөнөөс 50, мэргэжилтэн Б.Номинсувд нь 20 саяыг авсан хэрэгт буруутгагдсанаас гадна уг хоёр хүн “Баянзүрх-Эмнэлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Айгиймаагаас долоон удаагийн гүйлгээгээр 70 сая төгрөг “халаасалсан” хэрэгт холбогдсон байдаг.

Түүнчлэн Б.Номинсувд нь “Баянзүрх-Эмнэлэг” ХХК-ийн чанарын хяналтын мэргэжилтэн С.Ундрамтай хамтарч нэгэн эмнэлгийн эрх бүхий албан тушаалтан Т.Мөнхтулгаас 20, Баянзүрх дүүргийн нутагт зам барих тендерт “Сантбаян” ХХК-ийг шалгаруулж 90, иргэн П.Алтантуяагийн ажиллуулдаг дэлгүүрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгуулахын тулд түрээслэгч С.Цэдэнсодном нараас гурван сая гэх зэргээр удаа дараа хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Б.Номинсувд нь хууль бусаар олсон мөнгөөрөө “Gucci” брэндийн 12 сая гаруй төгрөгийн үнэтэй цүнх, бүс, “Баленсига” брэндийн өөр нэг бүс, А.Түвшин нь УSL-ийн нарны шил гэх зэргээр нийт 18 саяар эд зүйл авсныг гэрчүүд нь мэдүүлсэн байдаг.

ЭМДЕГ-ын мэргэжилтэн Д.Баянжавын хувьд “Нандин-ухаан” эмнэлэгт хяналт шалгалт хийснийхээ дараа тус эмнэлгийн захирал Т.Ариунтуяагаас 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Шүүх хэргийг хоёр өдөр хэлэлцээд дээрх 11 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэв.

Тодруулбал, Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан их хэмжээний хахууль авсан үйлдэлд нь 12, мөнгө угаасанд нь нэг гээд нийт 13 жилийн хорих ял оноолоо. Түүнээс хахуульд авсан 50 сая төгрөгийг нь гаргуулж, улсын төсөвт оруулахаар болсон.

А.Төвшингийн нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жил хасаж, мөн хугацаагаар хорих, хахуулийн 60 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Б.Номинсувдын төрд ажиллах эрхийг долоон жил хасан, мөн хугацаанд хорих ял эдлүүлэх, хахуульд авсан 65 саяыг гаргуулах нь. С.Ундрамын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноон, 11 сая төгрөг албадан гаргуулах, Д.Бямбажавын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, нэг жил хорих ял шийтгэлээ.

Эрүүгийн хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан бүлэглэн их хэмжээний хахууль авсан бол 12-20 жил хорих ял шийтгэхээр заасан. Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд нарыг бүлэглэж, зохион байгуулагч, хамжигч, гүйцэтгэгчээр оролцон их хэмжээний хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тэдний хахууль авсан хэрэг нь 2024 оны тавдугаар сарын сүүлчээр болсон учраас Эрүүгийн хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй юм.

Хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон Т.Ариунтуяа, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт 2.8-8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 2-4 жилээр хасах нэмэгдэл ял оноолоо.

Шүүх хурал дуусмагц хорих ял шийтгүүлсэн хүмүүсийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор болж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хуяглан хүргэсэн юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Думаа намсрай 2 цаг
Хулгай ч нар