Монгол Улс “саарал жагсаалт”-аас хэрхэн гарсныг бид мартах учиргүй
Манай улс дэлхий нийтийг хамарсан цар тахлын өмнөхөн FATF гэх байгууллагын “саарал жагсаалт” гээчид багтаж, гадаадын олон байгууллагын шахалтад орсныг шил шилээ дарсан дуулиануудын “үр шим”-ээр мартчихаад буй билээ.
Энэ “саарал жагсаалт” гээчийг баталдаг FATF гэх байгууллагыг юуны түрүүнд тодруулах нь зөв биз ээ.
Financial action task force гэх үгийг товчилсон нэрээр нь бид FATF хэмээн мэдэх болсон, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагыг анх 1989 онд “Их долоо”-гийн санаачилгаар байгуулсан түүхтэй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага.
1980-аад онд мансууруулах бодисын наймаанаас олсон хууль бус орлогыг хууль ёсных мэт харагдуулах явдал ихсэж, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсноор FATF-ыг байгуулах үндсэн шалтгаан болсон гэдэг. FATF нь дэлхийн улс орнууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг судалж, зөвлөмж өгдөг. Үүний тулд улс орнуудын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг 49 шалгуур үзүүлэлтээр дүгнэж танилцуулдаг. FATF-аас өгсөн зөвлөмжийг улс орнууд заавал биелүүлэх үүрэгтэй. Яагаад заавал биелүүлэх ёстой вэ гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг.
Зөвлөмж нь тухайн улсын Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг маш тодорхой зааж өгсөн байдаг. Зөвлөмжийг биелүүлээгүй, эсвэл биелүүлж чадаагүй улсыг “эрсдэлтэй”, “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэн, “саарал жагсаалт”-д оруулдаг аж. Энэ нь олон улсад асах тод улаан дохио буюу асар том хориг арга хэмжээ гэсэн үг.
Эрсдэлтэй улс орны хувьд олон улсын санхүүгийн зах зээл маш том саад тотгортой учирна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр эрсдэлтэй улс орон руу мөнгөн гүйлгээ хийхийг хориглодог. Хууль бус орлогоос терроризмыг санхүүжүүлж буй гэгдэх улс оронд ийнхүү эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байгаа нь эцсийн дүндээ энх тайвныг эрхэмлэх санаа зорилготой.
Манай улсын хувьд 22 жилийн өмнө FATF-д элссэн байдаг. Гишүүнээр элссэн болохоор тодорхой үүрэг хүлээж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2006 онд баталж, 2013 онд шинэчлэн найруулан, таван жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан. FATF Монгол Улсад анх 2007 онд үнэлгээ хийгээд 36 шалгуур үзүүлэлтээр муу, дунд үнэлгээ өгсөн аж. Манайд хэд хэдэн зөвлөмж өгч 2012 онд биелэлтийг нь шалгаад “хангалтгүй биелүүлсэн” гэж үзсэнээр Монгол Улс “саарал жагсаалт”-д анх оржээ. Жилийн дараа “саарал жагсаалт”-аас гарсан ч 2019 онд дахин орсон билээ. 2019 оны аравдугаар сард Монгол Улс “саарал жагсаалт”-д ормогц гадаадын арилжааны банкнууд манайхтай болгоомжтой харилцаж эхэлсэн юм даг. Улмаар олон улсын мөнгөн гүйлгээ удааширч, банк санхүүгийн салбарт “эрсдэлтэй улс” гэх үнэлгээ авсан.
FATF-ын зүгээс “Танай улс хууль баталсан ч хэрэгжүүлж чадахгүй байна” гэж дүгнээд зогсохгүй “АТГ авлигын хэргийг илрүүлэх нь дангаараа хангалтгүй, харин авлигаар олсон хөрөнгө мөнгө хаашаа орсон, хэн дамжуулсан, хэрхэн нуусан гэх зэрэгт санхүүгийн мөрдөн шалгах цогц ажиллагаа явуулах ёстой” гэсэн шаардлага тавьсан байдаг.
Эндээс л FATF-ын “саарал жагсаалт”-аас гарахад АТГ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо нэн чухал болсон билээ.
Зөвлөмж, шаардлагын хүрээнд АТГ-ынхан үйл ажиллагаандаа хэд хэдэн өөрчлөлт хийсэн билээ. Тухайлбал, “Follow the money” буюу мөнгөний урсгалыг дагах ажиллагаа. Мөнгөний эх үүсвэр, аль банкны дансаар ямар аргаар дамжсан, хэн, хэнд шилжсэн, шилжүүлсэн, хаана нуусан гэх мэтчилэн шат дараатай мөрдөн шалгах ажиллагааг хэрэг нэг бүрд явуулах болсон юм. Мөн хууль хяналтын болон эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулсан нь үр дүнд хүрсэн.
Өөрөөр хэлбэл, “саарал жагсаалт”-аас гарахын тулд АТГ, ЦЕГ, УЕПГ, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай болсон. Тухайлбал, Санхүүгийн мэдээллийн алба сэжигтэй дансны гүйлгээг илрүүлж, АТГ-т явуулснаар АТГ-ынхан нарийвчлан шалгаж, прокурор яллах дүгнэлт гаргах байдлаар гинжин холбоо үүсгэн ажиллажээ. Хамгийн чухал нэг ажиллагаа хийх болсон нь хөрөнгө хураах байв.
FATF-аас тавьсан гол шаардлага нь авлигын гэмт хэргийг илрүүлсэн бол үр шимийг нь буюу хууль бусаар олсон хөрөнгө мөнгийг нь хураан авсан, эсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэгт байсан. АТГ-ынхан эрүүгийн гэмт хэргүүдийг шалгах явцдаа сэжигтэй хөрөнгийг царцаах, шүүхийн шийдвэрээр битүүмжлэх, улсад буцаан авах зэргээр үр дүнтэй ажилласан. Тиймдээ ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтны Английн Лондон хотод авсан өндөр үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг царцааж, улмаар Монголдоо шилжүүлэн авсан билээ.
Ганц энэ жишээгээр тогтохгүй, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын Австри улсад авсан үл хөдлөх хөрөнгийг царцаагаад буй ч шүүх эцэслэн шийдвэрлэлгүй өдий хүргэснийг ташрамд дурдах нь зүйтэй биз.
АТГ-ынхан олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулснаар FATF-аас өндөр үнэлгээ авсан юм. Авлигын гэмт хэрэг буюу түүнээс бий болсон мөнгийг угаах гэмт хэрэг нь ихэвчлэн хилийн чанадад үйлдэгддэг учир АТГ-аас гадаадын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, данс болон хөрөнгийн мэдээллийг солилцох байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг болсноор олон ч хэргийг үр дүнтэй шийдвэрлэж чадсан.
Монгол Улс энэ байгууллагын “саарал жагсаалт”-аас гарахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь АТГ-аас мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүд байдаг. Тухайлбал, “ЖДҮХС”-гийн, “Нүүрсний”, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон хөрөнгө хураасан олон хэргийг жагсааж болно. Олон улсын ижил төрлийн байгууллагатай хамтын ажиллагаа явуулсны үр дүнд ЖДҮХС-гийн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорттой холбоотой хил дамнан мөнгө угаасан хэргүүдийг илрүүлж, Санхүүгийн мэдээллийн албанаас их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ болон богино хугацааны олон тооны шилжүүлгийг гаргуулан авч чадсан юм. Энэ бүхний үр дүнд Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарсныг цар тахлын хөл хорионы үед, 2020 оны аравдугаар сарын 23-ны 22.10 цагт дэлхий нийтэд албан ёсоор зарлаж, богино хугацаанд буюу зургаан сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг олон улсад онцлон сайшаасан билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.