🔴А.Үйлстөгөлдөр: Хуулийг дэмжсэн гишүүддээ Ерөнхийлөгчийн институтийн зүгээс талархлаа илэрхийлж байна
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар ёс зүй, хариуцлагатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн 56.4 хувийн саналаар дэмжлээ.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан EТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр байр сууриа илэрхийлж, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улсын түүхэнд анх удаа ёс зүй, хариуцлагын асуудал парламентын босго давж, бодитоор хэлэлцэгдэх шатандаа орж буйг онцлон хэлсэн юм.
EТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр:
-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнадаг болох, цаашлаад төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлд энэ бол түүхэн ач холбогдолтой алхам гэж харж байна.
Энэ хууль батлагдсанаар төрийн алба илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болох эрх зүйн суурь нөхцөл бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар гишүүдийн 56.4 хувь нь гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ.
Өөрөөр хэлбэл, одоогоор эцэслэн баталсан зүйл биш, харин цаашид хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүд маань заалт бүр дээр нэлээд нухацтай ярилцаж, яг ямар томьёололтой байх вэ, хариуцлагыг яаж тодорхойлох вэ гэдгийг илүү тодорхой болгох шаардлагатай. Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн институцийн зүгээс санаачилгаа гаргаж, хуулийн төслөө өргөн барьсан. Харин цаашид хэрхэн шийдэх нь бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тиймээс гишүүд өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө шийдвэрээ гаргана.
Ямар ч байсан энэхүү төслийг хэлэлцэхийг дэмжсэн УИХ-ын гишүүддээ, мөн Ерөнхийлөгчийн институцид талархалтай хандаж байгаагаа илэрхийлье. Энэ нь иргэд, сонгогчдынхоо байр суурийг илэрхийлж, асуудлыг заавал хэлэлцэх ёстой шатанд хүргэж чадлаа гэж харж байна. Одоо бол батлах шат биш, хэлэлцэх шат явагдаж байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад эргэлзээтэй, тодорхойгүй байгаа асуудлуудаа бүрэн тайлж, илүү өргөн хүрээнд зөвшилцөж, аль хувилбар нь илүү оновчтой вэ, аль нь парламентын дархлааг бэхжүүлэхэд илүү нийцтэй вэ гэдгийг шийдэх боломж нээлттэй байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.