🔴М.Нарантуяа: Монгол Улсын ардчиллыг булшилсан хууль батлах гэж байна

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ парламентын дархлааг сулруулж, эрх баригч намын бодлогыг хүчээр тулгаж байгааг хурцаар шүүмжиллээ. Тэрээр энэ өдрийг "Монголын ардчиллыг боомилсон хар өдөр" хэмээн тодотгоод, хэвлэл мэдээллийнхнийг үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалав.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-УИХ-ын дарга С.Бямбацогт Дэгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга надад ямар зүйл заалт зөрчсөнийг нь тайлбарлалгүйгээр шууд сануулга өгөх санкц уншсан нь хууль бус үйлдэл. Мөн олон жилийн турш улсын тендер, тэр дундаа баруун бүсийн тендерүүдийг авч баяжсан хүн өнөөдөр УИХ-ыг удирдаж байна. Түүний ёс зүйн асуудлыг хөндөхөөр хууль зөрчсөн мэтээр мушгин гуйвуулж байна. С.Бямбацогтыг зөвхөн эрх баригч намын эрх ашигт нийцүүлэн УИХ-ыг манипуляци хийж байгаа тул огцрох бүрэн болзлоо хангасан. 

Мөн, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдэд нөлөөлж, дарамт шахалт үзүүлж байна. Зарим гишүүд өөрсдийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн эрх ашгаа хамгаалахын тулд ял наймаалцаж, хуулийн төслийг дэмжиж байна. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн хүртэл санал өгөөд сууж байгаа нь УИХ-ыг устгах хэмжээнд хүрснийг харуулж байна.

Би улс төрөөр амьдарч, төрийн тендерээс ашиг хонжоо хайж үзээгүй. Шаардлагатай бол хэзээ ч гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн. Гэвч би УИХ-аас гарвал парламентад юу болж байгааг ард түмэн мэдэх эрхгүй болж, төлөөллийн дуу хоолой боомилогдох аюултай тул иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байх үүднээс тэмцлээ үргэлжлүүлнэ.

Ерөнхийлөгчийг бүрэн эрхээсээ хэтэрсэн үйл ажиллагаа явуулж байгаа тул импичмент буюу огцруулах асуудлыг хөндөх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Ерөнхийлөгч 2021 онд сонгогдсоноосоо хойш УИХ-д нэг ч удаа ажлаа тайлагнаагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр хийж буй олон тооны гадаад томилолтын үр дүн, төсвийн зарцуулалтыг ард түмний төлөөлөл болсон парламентад тайлагнах ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.