Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
 
Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрс нийлүүлэх боломжийг судлах, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу Монгол Улс дахь Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Улс төр, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир болон БНЭУ-ын Steel Authority of India limited (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
 
Уулзалтаар Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн SAIL компани худалдан авах сонирхлоо илэрхийлж, Тавантолгойн нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавилаа. Туршилт амжилттай болсон тохиолдолд борлуулалтын шинэ гарц нээх бүрэн боломж байгааг илэрхийллээ.
 
БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд SAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани юм. Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний 85 хувийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.