🔴Эрчим хүчний салбарт 30-40 орчим насны гол ачаа үүрэх боловсон хүчин дутагдалтай байна

AI хөрвүүлсэн

Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарынхаа ажилчдын эрх ашгийг хамгаалах, үнэлэмжийг нэмэгдүүлэх нь түүний нэн тэргүүний зорилт болохыг мэдэгдлээ. Тус салбарт 17 мянган хүн онцгой хүнд нөхцөлд ажилладаг хэдий ч тэдний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс бодит байдалтай нийцэхгүй байгааг онцоллоо. Цаашид ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээс гадна хүндлэл, нэр төр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

-Үйлдвэрчний эвлэлээс тавьж буй цалин нэмэх шаардлагыг ойлгож байгаа ч эрчим хүчний салбар олон зуун тэрбум төгрөгийн алдагдалтай, өр ширэнд баригдсан хүнд нөхцөлд байна. Одоогийн байдлаар цалин нэмэх байтугай цалингаа тавьж чадах эсэх, өвөлжилтийн бэлтгэл, засвар үйлчилгээгээ хийж чадах эсэх нь эргэлзээтэй түвшинд хүрсэн. Эхний ээлжид өр ширээ дарж, санхүүгийн хувьд тогтворжсоны дараа зардлаа хэмнэх, бүтээмжийг сайжруулах замаар цалин нэмэх боломж бүрдэнэ.

Салбарын хэмжээнд тулгамдсан 700 орчим тэрбум төгрөгийн өр байгаагаас 571.3 тэрбум төгрөг нь нэн яаралтай шаардлагатай байгаа. Энэхүү санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдвэрлэх нь нэг удаагийн гал унтраах арга хэмжээ бөгөөд цаашид үнэ тарифын бодлогыг шинэчилж, бодит өртөг зардалд нийцүүлэхгүйгээр асуудал дахин давтагдсаар байх болно. Эрчим хүчний салбарыг улсын хөгжлийн суурь гэж үзэж, төсөв болон хөрөнгө оруулалтын бодлогод онцгойлон анхаарах шаардлагатай. Үүнийг Засгийн газар болон УИХ-д танилцуулахаар төлөвлөж байна.

Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд нарийвчилсан тооцоо судалгаатай хандах ёстой. Өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хамгийн чухал нь засаглалын асуудал бөгөөд сайн засаглалтай байж өртөг зардлыг бууруулах боломжтой. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яаманд харьяалагддаг 28 төрийн өмчит компанийн засаглал, үр ашиг, зардлын хяналт, бүтээмжийг хариуцан ажиллах тусгайлсан нэгжийг бүтцийн өөрчлөлтөөр байгуулахаар зорьж байгаа.

Салбарын хүний нөөцийн бодлого алдагдсанаас үүдэн ид хийж бүтээх насны, туршлагатай инженер техникийн ажилтнуудын дунд ажлаас гарах урсгал өндөр байгаа. Одоогоор тус салбарт ахмад настнууд болон дөнгөж сургууль төгссөн залуучууд давамгайлж байна. 30-40 орчим насны гол ачаа үүрэх боловсон хүчин дутагдалтай байна. Иймд хүний нөөцийн бодлогыг шинээр тодорхойлж, инженер техникийн ажилтнуудыг гадаад, дотоодод сургаж дадлагажуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.