Америкийн дуучин d4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэргээр баривчлагдлаа
"Romantic Homicide" дуугаараа олон улсад танигдсан Америкийн дуучин, 21 настай David Anthony Burke буюу d4vd нь 14 настай охины амь насыг хөнөөсөн ноцтой хэргээр Лос Анжелес хотын цагдаагийн газарт баривчлагджээ. Түүнийг Селесте Ривас Эрнандес гэх өсвөр насны охины үхэлд сэжигтнээр татаж, батлан даалтад гаргах боломжгүйгээр саатуулан шалгаж эхэлсэн байна.
Хохирогч Селесте Ривас Эрнандес нь 2024 онд 13 настай байхдаа Лейк Элсинор дахь гэрээсээ сураггүй алга болжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнийг 14 насандаа амь үрэгдсэн болохыг тогтоосон бөгөөд охины задарч муудсан, мөчилсөн цогцсыг 2025 оны 9 дүгээр сарын 8-нд Холливудын нэгэн автомашин түр саатуулах хашаанаас олсон юм. Хамгийн ноцтой нь уг цогцос олдсон Tesla загварын автомашин нь дуучин d4vd-ийн нэр дээр албан ёсоор бүртгэлтэй байжээ.
Цогцос хэт муудсан байсан тул таньж олоход хууль сахиулагчдаас нэлээдгүй хугацаа шаардсан байна. Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар дуучныг эртнээс сэжигтнээр тооцон шалгаж байсан бөгөөд Холливуд Хиллс дэх гэрээс нь компьютер зэрэг эд мөрийн баримтуудыг хураан авчээ. Мөн түүний гэр бүлийн гишүүдэд мэдүүлэг өгөх зарлан дуудах хуудас хүргүүлж, хэргийн мөрдлөгийг эрчимжүүлсэн байдаг.
Уг аймшигт хэргийн сэжүүр дуучны дэлхийг тойрсон аялан тоглолтын үеэр илэрч эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тэрээр өмнө нь хэд хэдэн тоглолтоо тодорхойгүй шалтгаанаар цуцалж байсан нь ийнхүү тодорхой болж байна. Одоогоор гэмт хэрэг гарах болсон сэдэл болон бусад нарийвчилсан мэдээллийг мөрдөн байцаалтын нууцлалын дагуу чандлан хадгалж байгаа юм.
Дуучны өмгөөлөгчдийн баг түүнийг гэм буруугүй хэмээн мэдэгдэж, шүүхийн шатанд бүрэн хамгаалахаа илэрхийлээд байна. Лос Анжелес мужийн Прокурорын газар ирэх Даваа гарагт хэргийн хавтаст хэрэгтэй танилцаж, албан ёсоор яллах дүгнэлт үйлдэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийдвэр олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд хүлээгдэж байна.
Эх сурвалж:
• gogo.mn
• bet.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.