Нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд нийт нутгийг хамарсан цаг агаарын аюулт үзэгдэл болохыг онцгойлон анхаарууллаа. Энэ өдрүүдэд агаарын температур өмнөх өдрүүдээс огцом буюу 10-20 хэмээр хүйтэрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Цаг агаарын өөрчлөлт дөрөвдүгээр сарын 17-ны баасан гарагт харьцангуй дулаан эхлэх бөгөөд Улаанбаатар хотод 15-19 хэм, өмнөд говийн бүс нутгаар 25-30 хэм хүртэл дулаарна. Гэвч баасан гарагийн оройноос баруун болон хойд хэсгээр сэрүүсэж эхлэх юм. Улмаар бямба гарагт хүйтний эрч чангарч, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Ням гарагт хүйтний урсгал зүүн зүг рүү шилжиж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгийг хамрах бөгөөд өмнөх долоо хоногоос эрс хүйтрэх төлөвтэй байна.
Салхины хурд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрэх бол Говь-Алтай, Баянхонгор болон өмнөд говийн аймгуудын нутгаар секундэд 24-28 метр, зарим үед 34 метрээс давж ширүүсэх аюултай байна. Хүчтэй салхи, хур тунадасны улмаас говийн бүсээр улаанаар шуурч, төв болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурганы гамшигт нөхцөл байдал үүснэ. Үүний улмаас авто замын үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх, уулын даваа цас болон шороонд боогдох өндөр эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагаас сануулж байна.
Хаврын огцом хүйтрэл нь хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал төллөлтөд онцгой хүндрэл учруулах эрсдэлтэй. Цаг агаарын таагүй нөхцөл байдал нь шинээр гарсан төлд аюултай тул малчдыг ямаа самнах ажлаа хойшлуулахыг хатуу зөвлөлөө. Учир нь ноолуураа самнуулсан мал температурын огцом уналтын үед осгож хорогдох магадлал маш өндөр байдаг. Иймд малыг нөмөр нөөлөг газарт бэлчээрлүүлж, нэмэгдэл тэжээл өгөх шаардлагатайг анхааруулж байна.
Иргэд, тээвэрчид онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, отор нүүдэл хийхээс татгалзах нь зүйтэй. Мөн бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, жолоочид тээврийн хэрэгслийнхээ өвлийн нөхцөл байдалд тохирсон бэлэн байдлыг хангах нь чухал юм. Уг цаг агаарын үзэгдэл нь хаврын дулаан өдрүүдээс өвлийн хатуу ширүүн нөхцөл рүү буцсан эрс тэс шилжилт болж байгаа бөгөөд иргэд албан ёсны мэдээллийн сувгаар цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн авах шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.