Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэх хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авав

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэх хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы өнөөдөр (2026.04.17)-ийн  хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авав. 

Үүний дараа Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Цэцийн дүгнэлтээр Улсын дээд шүүхэд шүүхийн бус чиг үүрэг олгосон талаарх маргааныг шийдвэрлэсэн байна. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуульд яаралтай өөрчлөлт оруулж мэргэжлийн холбоодыг Дээд шүүх бус улсын бүртгэлийн байгууллага бүртгэх, санхүүгийн харилцааг нэг талд нь гаргах, эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай гэх мэт саналуудыг хэлж байлаа.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно хэмээн өөрчлөн найруулахаар тусгажээ.

Одоогийн хэрэгжиж байгаа хуульд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч нарын тодорхой хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болохгүй гэж хуульчилсан явдал нь хуулиар ялгамжтай байдлыг бий болгож, Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдөж байна хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Гишүүд асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.