Нийслэлийн худалдаа, үйлчилгээнд тавигдах нөхцөл шаардлагыг хялбарчилна

Нийслэлийн худалдаа, үйлчилгээнд тавигдах нөхцөл шаардлагыг хялбарчилна

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа "Чөлөөлье" санаачилга болон төрөөс иргэн, хуулийн этгээдэд олгодог зөвшөөрлийн мэдээллийг "Зөвшөөрлийн нэгдсэн сан"-д шилжүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-аас нийслэл, дүүргийн зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд оролцдог албан хаагчдыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа.

НЗДТГ-ын Технологи, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Насанбат “Нийслэлийн хэмжээнд төрөөс иргэн, хуулийн этгээдэд 598 үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системээр 134 үйлчилгээг үзүүлж байсан. Өнгөрсөн онд бид "И-Бизнес" цахим системд 86 үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, иргэн, аж ахуйн нэгжээс хүсэлт хүлээн авах эх үүсвэрийг нэмэгдүүлсэн. Засгийн газраас дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилгын хүрээнд бүх зөвшөөрлийг Зөвшөөрлийн нэгдсэн сан “license.mn”-ээр олгох шийдвэр гарсантай холбогдуулан зохион байгуулалтын арга, хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авч ажиллаж байна. Энэ санаачилгын хүрээнд нийслэлээс үзүүлдэг 105 үйлчилгээг мэдэгдэл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Санхүү мэдээллийн технологийн төвийн төлөөлөл хамтран зохион байгуулж байна” гэлээ.

 

Ерөнхий сайдын Засаглал хариуцсан зөвлөх С.Тэнгис “Бизнес эрхлэх орчны хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хууль болон нийслэлийн худалдаа, үйлчилгээнд тавигдах нөхцөл шаардлагыг хялбарчилж, мэдэгдлийн системд шилжүүлэх тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд системийн болон хууль тогтоомжийн сургалтыг нэгэн зэрэг хийж, ямар нэг үл ойлголцол үүсэхгүйгээр иргэд, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлийг бүрдүүлэхэд арга хэмжээний зорилго оршиж байна. Авлигын төсөөллийн индекс зэрэг олон үзүүлэлтээр манай улсын бизнес эрхлэх орчин ээлтэй биш гэж гардаг. Үүнийг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, нэмэгдүүлэх, ингэснээр улсын эдийн засагт хувь нэмэр оруулах олон талын ач холбогдолтой учир тус санаачилгыг дэвшүүлж ажиллаж байна” гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.