ХАА-н биржийн арилжааны идэвх сэргэжээ

ХАА-н биржийн арилжааны идэвх сэргэжээ
 
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлын хүрээнд Хөдөө аж ахуйн биржийн 2026 оны дөрөвдүгээр сарын 13–17-ны өдрүүдийн арилжааны үргэлжилсэн мэдээг танилцууллаа. 
 
Өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйн бирж дээр нийт гурван удаагийн арилжаа зохион байгуулагдаж, долоон хэлцэл хийгдэн, хоёр брокер оролцож, нийт 6.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгджээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд биржийн арилжааны идэвх сэргэж буйг харуулж байна.
Арилжааны бүтцийг авч үзвэл самнасан ноолуур зонхилж, 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 17 тонн ноолуур арилжаалагдсан нь нийт арилжааны дийлэнх хувийг бүрдүүлжээ. Мөн ямааны завод ноос 549 сая төгрөгийн үнийн дүнгээр 25.8 тонн, хонины ноос 56 сая төгрөгөөр 25 тонн арилжаалагдсан бол тэмээний ноосны арилжаа хийгдээгүй байна.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, арилжааны оролцогчдын идэвхийг дэмжих, үнэ ханшийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна.
Цаашид биржийн арилжааг өргөжүүлэх, малчид, үйлдвэрлэгчид, худалдан авагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.