Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулсан гэх хэргийг дэнслүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулсан гэх хэргийг дэнслүүлнэ

"Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлджээ. Тэрбээр 2024 онд уг албан тушаалд томилогдсон бөгөөд 2025 оны зургаадугаар сард ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон.

Улмаар дээрх компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр түүнийг чөлөөлж, өөр хүнийг гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. 

Ийнхүү чөлөөлөгдсөн атал Ж.Энхжаргалан нэр бүхий иргэдийг ажилд авах, халах, мөнгөн урамшуулал, ээлжийн амралт олгох болон компанийг төлөөлж аж ахуйн нэгж, байгууллагуудтай ажил гүйцэтгэх, түрээсийн, худалдан авах гэрээнүүд байгуулсан аж.

Мөн албан тушаалаа урвуулан “Каар трейд” гэх компанитай 210 сая төгрөгийн гэрээ шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-ийн тушаал, шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулсан гэх үйлдлийг ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж тогтоосон аж. 

Түүгээр зогсохгүй өөрийн хамаарал бүхий, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлдэг “Би ар би” ХХК-ийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан үйл ажиллагааны зардалд 65.1 сая төгрөг гаргуулж, давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Энхжаргаланд Эрүүгийн хуулийн 22.11-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, ашиглан дураараа аашилсан”, 22.1-1-ийн “Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад, өөртөө давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.