Төр, нийтийн өмчийн хуулийг батлахаас өмнө хувьчлал ярих нь зөв үү?
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тойрсон хэлэлцүүлгүүд үргэлжилж буй энэ үед өмч хувьчлалын асуудал дахин анхаарлын төвд орж байна. Иргэдийн өмчийг хамгаалах, үр ашигтай удирдах эрх зүйн орчныг бүрдүүлэхээс өмнө хувьчлалын дараагийн үе шатыг эхлүүлэх нь зөв эсэх талаар нийгэмд өргөн хэлэлцүүлэг өрнөж байна.
Энэ сарын 8-нд болсон хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Сүүлийн 30 жилийн хугацаанд төр ард түмний өмчийг хангалттай хамгаалж чадаагүй” хэмээн онцолсон нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Түүний хэлснээр өнгөрсөн хугацаанд төрийн өмчийг хамгаалах, удирдах тогтолцоонд алдаа дутагдал байсаар иржээ. Монгол Улсад өмч хувьчлал нийтдээ таван удаа хэрэгжсэн бөгөөд анхны хувьчлалаар иргэдэд ягаан, цэнхэр тасалбар тарааж, томоохон үйлдвэрүүдийг хувьчилж байсан түүхтэй. Тухайн үед иргэд өмч, хувьцааны талаар ойлголт багатай байсан тул хувьцаагаа үнэгүйдүүлэх, бүр архиар солих зэрэг тохиолдлууд ч гарч байжээ.
Дараагийн хувьчлалууд дуудлага худалдаа, менежментийн болон түрээсийн давуу эрхийн хэлбэрээр явагдсан ч үр ашиг, ил тод байдлын талаар маргаан дагуулсаар ирсэн. Өнөөдөр төрийн өмчийн удирдлага, ангилал, ашиглалт, шилжилттэй холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх зорилгоор нээлттэй хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулж байгаа нь онцлог болж байна. Эхний хэлэлцүүлэг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр болсон бол дараагийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сүүлийн үед 20 гаруй төрийн өмчит байгууллагыг хувьчлах асуудал яригдаж байгаа энэ үед зарим судлаач, иргэд “эхлээд хуулиа ил тод, цоорхойгүй баталж, дараа нь хувьчлалаа хийх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Төрийн өмчийг үр ашигтай удирдах нь чухал ч үнэгүйдүүлэхгүй байх нь үүнээс дутахааргүй ач холбогдолтой гэдгийг онцолж буй. Нөгөө талаас, хуулийн төслийг чимээгүй батлах бус, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, санал бодлыг сонсож буй нь ил тод байдлыг хангах чухал алхам гэж үнэлэгдэж байна. Иймд иргэд, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэх нь хуулийн чанарт бодит нөлөө үзүүлэх боломжтой юм. Маргааш Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд болох уг хэлэлцүүлэгт иргэдийг бүртгүүлэн оролцохыг урьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.