🔴Уул уурхайн түрэмгийллээс болж УБ хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна

AI хөрвүүлсэн

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутгийн зөвлөл болон иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийж, уул уурхайн лицензийн замбараагүй олголт малчдын амьдралд ноцтой аюул учруулж байгаа талаар мэдээллээ.

Иргэдийн мэлээлснээр: 

-Дарви Цэнхэр нуруунд нийт 330 уул уурхайн лиценз олгогдсон. Энэ шийдвэрийг гаргахдаа 2016 оноос хойш батлагдсан хуулийн дагуу сумын ард иргэд, орон нутгийн удирдлагуудад огт мэдэгдэхгүйгээр дээгүүрээ шийдвэрлэсэн. Энэ нуруунд 300 гаруй малчин өрх амьдардаг бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн бэлчээр, ус, ургамал устаж, малчид ажил амьдралгүй болох эрсдэлд ороод байгаа.

Эдгээр лицензийг улс төрийн намуудыг санхүүжүүлдэг томоохон компаниуд, тэр дундаа "Макс" группийн Д.Ганбаатар тэргүүтэй хүмүүс авсан.

Уул уурхайн энэхүү түрэмгийллээс болж Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Малчид малаа зарж, хот руу нүүхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа нь нийслэлийн түгжрэл, ядуурлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байна. Үүнээс болж орон нутагт шинээр баригдсан сургууль, спорт заал зэрэг байгууламжууд эзэнгүйдэж, нэг ангид суралцах хүүхдийн тоо 7-15 болтлоо буурсан. Цаашлаад эдгээр уул уурхайн компаниудын цаана Хятадын хөрөнгө оруулагчид байгаа.

Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүдэд нарт удаа дараа хандсан боловч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, таг чиг байгаа. Сонгуулиар санал гуйж очдог гишүүд жижиг сумын цөөхөн малчдын эрх ашгийг үл тоож байна.

Төр засаг, УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд Дарви Цэнхэр нуруунд олгогдсон 300 гаруй лицензийг цуцалж, малчдын унаган нутагтаа тайван амьдрах, мал аж ахуйгаа эрхлэх боломжийг нь үлдээж өгөхийг шаардаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.