Монгол Улсын соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлнэ

Монгол Улсын соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлнэ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төвийн Солилцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Хван Инху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх” төсөл онцгой ач холбогдолтойг хэллээ. Тэрээр уг төслийг Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг дотоодын байгууллагууд болон Азийн соёлын төвтэй хамтран амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

79e258c7b43745e4acc87a3d2dfa879d

1674a41a60734042ab759eeb1fd848b6

Уулзалтын үеэр талууд төслийн хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж, дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Соёлын контент бүтээх: Аудио, видео, боловсрол, судалгаа, театрын чиглэлээр нийт 74 нэгж соёлын контентыг хамтран бүтээх.

  • Дэд бүтцийг сайжруулах: Монгол Улсын Үндэсний номын сан болон Соёлын өвийн үндэсний төвд "Дижитал архивын төв" байгуулж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах.

  • Цахим шилжилт ба системийн хөгжүүлэлт: Соёлын өвийн удирдлагын систем, эртний ном судрын удирдлагын систем болон GLAM (Галерей, номын сан, архив, музей) нэгдсэн портал системийг Азийн соёлын төвтэй хамтран хөгжүүлэх.

Энэхүү олон талт төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дараах зорилтууд бодит ажил хэрэг болох юм.

  • Өв соёлын түгээн дэлгэрүүлэлт: Үндэсний өв уламжлал, түүх, уран зохиол, нүүдлийн ахуй соёлыг шингээсэн хөтөлбөрийн тоог нэмэгдүүлж, цахим орчинд эерэг, чанартай контент түгээх.

  • Хүртээмж ба цахимжилт: Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулж, нэгдсэн цахим системд шилжүүлснээр олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох.

  • Хүний нөөцийн чадавх: Дижитал контент бүтээгчдийг дэмжих, салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх.

  • Соёлын боловсрол: Соёлын өндөр боловсролтой, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.