🔴Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын салбарын цалин хөлс, хувьсах зардлын тогтолцоо, улсын бүртгэлийн цахимжилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шинэчлэл болон нийгэмд маргаан дагуулаад буй Туулын хурдны замын төслийг зогсоох зэрэг хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгалтай холбоотой үүсээд байсан маргааныг эцэслэж, тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх нэмэгдлийг шинэчлэн тогтоосон үндсэн цалингаас буюу 2.4 сая орчим төгрөгөөс тооцож олгох шийдвэр гарсан.
Өмнө нь багш нар нийгмийн даатгалын өрнөөс үүдэн жирэмсний болон өвчний хуудасны мөнгө, цалингийн зээл авч чадахгүй хүндрэлтэй байсан. Энэ шийдвэрээр асуудлыг бүрэн шийдвэрлэж, гурван сар үргэлжилсэн цалингийн маргаанд цэг тавилаа. Мөн 2021 оноос хойш алдагдсан хувьсах зардлын тогтолцоог сэргээж, сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг хүүхдээ дагадаг зарчим руу буцаан шилжүүллээ.
Засгийн газраас "Эдийн засгийн дөрвөн эрх чөлөө, дөрвөн шийдэл" санаачилгын хүрээнд Боловсролын салбарын үндэсний стратегийг баталлаа. Олон улсын PISA үнэлгээгээр монгол сурагчид үе тэнгийнхнээсээ 2-3 жилээр хоцрогдолтой гарсан бөгөөд цар тахал болон саяхан болсон багш нарын ажил хаялтаас үүдэлтэй мэдлэгийн хоцрогдлыг арилгах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд "Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль" бодлогыг баримталж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, хүүхдийг оюун, сэтгэл, бие бялдрын хувьд тэгш хөгжүүлэхэд анхаарна. Мөн цахим шилжилтийн хүрээнд сурагчдыг компьютержуулах хөтөлбөрийг эхлүүлж, энэ жил 100 мянган төхөөрөмж нийлүүлэн, хосмог сургалтын тогтолцоог нэвтрүүлэхээр боллоо.
Улаанбаатар хотод 3000-аас дээш хүүхэдтэй, нэг ангид 50-иас дээш сурагч хичээллэж буй 38 сургуулийг задалж, төрөлжсөн ахлах сургууль болон хотхоны бага сургуулийн хэв шинжид шилжүүлэхээр төлөвлөж байна. Мөн сургууль, цэцэрлэггүй хорооллыг улсын комисс хүлээж авахгүй байх хатуу зохицуулалт хийж, барилга барих газаргүй төслүүдийн хөрөнгө оруулалтыг царцааснаар 100 орчим тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдлээ.
Мөн, цэцэрлэгийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эхчүүд хариуцдаг болсноор хяналт сайжирч, эхний таван сарын байдлаар 30 тэрбум төгрөг хэмнэгдсэн бөгөөд эдгээр хэмнэгдсэн эх үүсвэрийг салбарын тулгамдсан асуудлуудад зарцуулна. Боловсролын зээлийн сангаас багш мэргэжлээр суралцаж буй 8000 оюутны тэтгэлгийн асуудлыг ирэх долоо хоногт яаралтай шийдвэрлэнэ гэв.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
-Хууль зүй, дотоод хэргийн салбарт иргэдэд чиглэсэн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг халах томоохон шинэчлэл хийгдэж байна. Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлдэг эд хөрөнгийн болон барьцааны гэрээний бүртгэл зэрэг үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэд дунджаар 3-5 удаа биечлэн очдог байсан зургаан шат дамжлагыг нэг болгон буурууллаа. Энэхүү систем нь ирэх гуравдугаар улирлаас бүрэн нэвтрэх бөгөөд нотариат, банк, улсын бүртгэлийн байгууллагууд дундаа мэдээлэл солилцож, иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэхийн зэрэгцээ авлига, хүнд суртлын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор нийслэлийн есөн дүүрэгт шийдвэр гүйцэтгэгчдийг хороодод хуваарилан ажиллуулах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 57 мянга гаруй гүйцэтгэх хуудас хүлээгдэж байгаа бөгөөд нэг цэгт төвлөрсөн ачааллыг задалснаар иргэдийн хохирол барагдуулах үйл явц хурдасч, хууль бусаар хилийн хориг тавих, данс хаах зэрэг зөрчлүүд таслан зогсоогдоно гэв.
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг:
-Иргэд, эрдэм шинжилгээний байгууллага, улс төрийн намуудаас ирүүлсэн 300 гаруй өргөдөл гомдлын дагуу уг төсөлтэй нэр холбогдсон албан тушаалтнуудын асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн шалгаж, шийдвэрлэх хүртэлх хугацаанд төслийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байна.
Мөн, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан 11 төрлийн тайланг жилд долоон удаа гаргадаг байсныг цөөрүүлж, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн үнэлгээний давтамжийг багасгах шийдвэр гаргасан гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.