🔴П.Наранбаяр: Туулын хурдны замын төслийн төсөв хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй
УИХ-ын гишүүн П.Наранбаяр Богд уулын арын замыг өргөтгөх, шинэчлэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр аливаа төслийг шууд зогсоох биш, харин байгалийн унаган төрх, үзэмжийг эвдэхгүйгээр хэрхэн үргэлжлүүлж хийх вэ гэдэг гарцыг хайх нь хамгийн чухал болохыг онцлов.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Туулын хурдны замын төслийн төсөвтэй холбоотой иргэдийн шүүмжлэл үндэслэлтэй. ХҮН намын эдийн засагчдын хийсэн тооцооллоор энэ төсөл 2.3 их наяд төгрөгт багтахгүй байх эрсдэлтэй. Тендерийн шаардлагад хэд хэдэн чухал тооцооллыг орхигдуулсан алдаа гарсан байсан. Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хэрэгжих уг замын барилгын явцад төсөв хэд дахин нэмэгдэх эрсдэл байгаа.
Монгол Улс холбооны улс биш бөгөөд нэгдсэн төсвийн системтэй. Нийслэлийн төсөв улсын төсвийн дараа батлагддаг хуультай. Засгийн газраас нийслэлийн гаргах бондын хэмжээг баталж өгдөг нь орон нутгийн бие даасан байдалд халдаж буй хэрэг биш. Нийслэлд жилд 500 тэрбум төгрөгийн бонд гаргах эрх олгох зэргээр асар их боломж өгдөг ч, бонд гаргачхаад ашиглахгүй хадгалах тохиолдол байдаг.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим гишүүд өөрөө удирдах чадвараа алдсан гэх. Олонх болсон нийслэлийн төлөөлөгчид болон Ардчилсан намынханд албан тушаал өгснөөр дуугарч чадахгүй байдалд хүрсэн нь нутгийн өөрөө удирдах ёсны зарчимтай нийцэхгүй бөгөөд төлөөлөгчид иргэдээ хэрхэн төлөөлж, ил тод ажиллах вэ гэдэг нь чухал байгаа.
Өмнө нь нийслэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа бусад төлөөлөгчдийн хамт 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй байсан Туул голын далангийн зураг төсвийг шинэчлэх асуудлыг хөндөж, ажил хэрэг болгож байсан. Нийслэлчүүд гол ус, бургас зэрэг байгаль орчноо сүйтгэхгүйгээр замын трассыг хэрхэн шийдэж болох, илүү хэмнэлттэй ямар арга техник байгааг гаргаж ирэх шаардлагатай. Энэ бүхэн нь Үндсэн хууль болон Төсвийн тухай хуулийн хүрээнд яригдаж буй асуудал гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.