🔴"Тэмээн дээрээс наран ойрхон" тоглолт тавдугаар сарын 16-ны өдөр болно

AI хөрвүүлсэн

Ар халхын алдарт дуучин, ард түмний хайртай уран бүтээлч Пэлжээгийн Адарсүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан "Тэмээн дээрээс наран ойрхон" хүндэтгэлийн тоглолт тавдугаар сарын 16-ны өдөр болох гэж байна. Энэхүү тоглолтын талаарх хэвлэлийн хурал өнөөдөр болж, уран бүтээлчид болон зохион байгуулагчид олон нийтэд мэдээлэл өглөө.

Тоглолтын гол зорилго нь П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөөг Улаанбаатар хотноо сүндэрлүүлэхэд оршиж байгаа юм. Тоглолтоос олсон орлогыг хөшөө босгох үйлсэд бүрэн зориулах бөгөөд ард түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнхөрсөн дуучныхаа дурсгалыг хүндэтгэх энэхүү аянд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Хэвлэлийн хуралд П.Адарсүрэн агсны төрсөн хүү А.Амартайван, Ардын жүжигчин С.Батсүх, МУГЖ С.Далантай, сэтгүүлч, нийтлэлч Энхцэцэг, МУСТА дуучин Гончиг болон бусад уран бүтээлчид оролцов. Ардын жүжигчин С.Батсүх хуучилсан үгэндээ "Адараа маань хэтэрхий энгийн, цайлган сэтгэлтэй, дуун дотроо амьдарч, жаргаж явсан төрмөл авьяастан байсан. Урлагийг нэгдүгээрт, амьдралаа хоёрдугаарт тавьж зүтгэсний үр дүнд түүний дуунууд өнөөдрийг хүртэл амьд мэт эгшиглэж байна. Бид нийлээд нийслэл хотдоо хайртай дуучныхаа хөшөөг босгох гэж байгаад туйлын баяртай байна" хэмээн онцолсон юм.

П.Адарсүрэн агсны хүү А.Амартайван:

-Аавын минь дурсгалыг мөнхжүүлэх үйлсэд сэтгэл гарган оролцож буй бүх хүмүүст талархал илэрхийлье. Залуу үеийнхэн ч мөн энэхүү түүхэн үйл хэрэгт нэгдэхийг хүсэж байна.

Сэтгүүлч Энхцэцэг:

-"П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэрээр бүхнээ урлагт зориулан цалгиж, асгарч амьдарсан учраас үеийн үед ард түмнийхээ дунд Ардын жүжигчин хэвээр орших болно. Бид эв нэгдэлтэйгээр хөшөөг нь босгох ёстой гэв. 

Тоглолтыг хамтран зохион байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэлэхдээ "Ард түмний дунд ингэж их хайрлагдсан уран бүтээлч маань төрөөс гавьяа шагнал хүртээгүй нь харамсалтай санагддаг. Тиймээс төр шагнаагүй ч ард түмэн нь алдаршуулах үүрэгтэй гэж үзэн энэхүү тоглолтыг зохион байгуулж, хөшөөг нь босгох ажилд ханцуй шамлан орсон" гэлээ. Мөн МУГЖ С.Далантай хөшөө босох үйлсийг дэмжиж, дуунд дуртай ард түмэн цуглаж хайртай дуучныхаа түүхийг хүүрнэн, дуу хуурыг нь сонсдог сайхан газартай болохыг ерөөлөө.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.