🔴М.Бадамсүрэн: Эдийн засгийн ямар ашиг сонирхол байгааг шалгах хэрэгтэй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн төрийн нууц нэрийн дор их наядаар хэмжигдэх гэрээг шууд байгуулж байгааг эсэргүүцэж, Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар 20 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй ажлыг л шууд гэрээгээр байгуулдаг болно. 20-80 сая төгрөгийн гэрээг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компаниас үнийн санал авч, харьцуулалтын аргаар шийдвэрлэдэг байтал хэдэн их наяд төгрөгийн үнийн дүнтэй гэрээг нууцад хамруулан шууд байгуулж байгаа нь зохисгүй үйлдэл.

Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд орон нутагт 20 сая төгрөгийн шууд гэрээ байгуулахдаа хүртэл үндэслэлээ АТГ-т тодорхой хугацаанд хүргүүлж шалгуулдаг нарийн зохицуулалттай. Дунд болон анхан шатанд ийм хатуу хяналттай байхад дээд түвшинд их наядын гэрээг нууцалж байгаагийн ард ямар эдийн засгийн ашиг сонирхол байгааг анхаарах ёстой. Энэ бүхнийг ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах нь зөв гэж үзэж байна.

Нүүрсний оффтейк гэрээнүүдийг шалгах Түр хороо байгуулах бичигт гарын үсэг зурах эсэх талаар одоогоор албан ёсны баримт бичигтэй танилцаагүй байгаа. Зөвхөн яриа төдий зүйлд үндэслэн шийдвэр гаргах боломжгүй. Яг ямар агуулга, хүрээнд нээлттэй сонсгол явуулах гэж байгааг судалж үзсэнийхээ дараа гарын үсэг зурах эсэхээ шийднэ.

Тодорхой нэг аж ахуйн нэгжийг онцолж, субъектив байдлаар хандахаас илүүтэйгээр төрийн нууц ангиллаар шууд хийгдсэн бүх оффтейк гэрээг нийтэд ил тод болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Цаашид ийм зөрчил, алдаа дутагдал гаргуулахгүй байхын тулд хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, зөрчил гаргасан этгээдүүдэд хуулийн болон улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.