🔴Л.Гантөмөр: Монголын хууль шүүхийн байгууллагад улс төрийн нөлөөлөл орсоор байгаа

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хууль шүүхийн байгууллагын хараат бус байдал, сэтгүүлч А.Өнөрцэцэгийн хэрэг болон АН-ын бүлгийн даргын томилгооны талаар онцоллоо. 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-УИХ-ын хяналт шалгалтын ажил тасралтгүй явах ёстой. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилсан "Бодь" группийн гэрээнүүдийг шалгах түр хороо байгуулахыг дэмжиж байгаа. Уг түр хороог байгуулахад шаардлагатай 32 гишүүний гарын үсэгт нэгдэж, цаашид ямар ч хяналтын сонсголд оролцоход бэлэн. 

Сэтгүүлч А.Өнөрцэцэгийн асуудалд хууль хяналтын байгууллага ялгавартай хандаж байна. Төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэггүй сэтгүүлчийг буруутгахаас илүүтэй, тэрхүү нууц материалыг задруулж, гаргаж өгсөн жинхэнэ эзнийг олж хариуцлага тооцох ёстой. Мөн музейн долоон тэрбум төгрөгийн зарцуулалт зэрэг томоохон хэргүүд шийдэгддэггүй мөртлөө сэтгүүлч дээр хэрэг үүсгээд явуулчихдаг нь ард түмний итгэл алдрах үндэс болж байна.

Монголын хууль шүүхийн байгууллагад улс төрийн нөлөөлөл орсоор байгаа. "Хонгил" хэвээрээ байна. З.Энхболд даргыг эргэж очих үедээ 600 мянган төгрөгийн торгуулиа төлөөгүй залуу 40 хоног хоригдож байхад, эрх мэдэлтнүүдийн хэрэг замхардаг шударга бус тогтолцоо байгааг олж харсан. Шүүх, прокурор, АТГ-ын бие даасан байдлыг хангахын тулд парламент хуулийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны чиглэлийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Одоогийн байдлаар АТГ нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сум, аймгийн Засаг дарга нарын ажлын жижиг зөрчил хөөцөлдөж, хүн хүчээ барж байгаа. Үүний оронд улсын төсөв идсэн, жинхэнэ авлига авсан том хэргүүд рүүгээ анхаарлаа төвлөрүүлж ажиллах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.

Ардчилсан намын бүлгийн даргын томилгооны тухайд, намын дарга өөрөө энэ албан тушаалыг давхар хаших нь зүйтэй. Намын дарга татгалзсан тул сөрөг хүчин учраас эрх баригчидтай сөрж зогсож чадах, зоригтой, шаардлага тавьж чаддаг хүн бүлгийн даргаар томилогдох ёстой. Эрх баригчид найр наадамд автаж, хуулийн шинэчлэл хийхгүй байгаа энэ үед 42 гишүүнтэй сөрөг хүчин эв нэгдлээ хангаж, ард түмнийг төлөөлөн хүчтэй ажиллах ёстой гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганбаа 6 цаг, 1 минут
600 мянган төгрөг төлөөгүй 40 хоног хоригдож гэдэг чинь торгуулийн ял аваад 4 сараас 3 жилийн хооронд торгуулийн ялаа төлөөгүй бол хорих ялаар сольдог хуультай.