🔴О.Батнайрамдал: Татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөгөөр хүүхдүүд гадаадад суралцсан ч эргэн төлөлт хангалтгүй байна

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн (БЗС) эргэн төлөлт хангалтгүй байгааг шүүмжилж, Боловсролын сайдыг ажлаа хийж, зээлийг яаралтай эргэн төлүүлэхийг шаардлаа. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөгөөр хүүхдүүд гадаадад суралцсан хэдий ч эргэн төлөлт маш хангалтгүй байгаа. 2026 оны эхний улирлын байдлаар ердөө 3.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн бөгөөд үүнээс гадаад зээлийн төлөлт ердөө 340 сая төгрөг байна. Зээлийн гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгөөр суралцсан бол дүрмийн дагуу буцааж төлөх ёстой.

Боловсролын сайд зээлийн эргэн төлөлтийн араас хөөцөлдөхийн оронд "БЗС бол зээл эргэн төлдөг газар биш", "улс төржилт гарлаа" гэх мэт хариуцлагагүй мэдэгдэл хийж, өмнөх сайд нараа муулж суух ёсгүй. Сайдыг өөрийн дүү, эхнэрийнхээ зээлийг төлөхөөс эхлээд үлгэр дуурайлал үзүүлж, 2012 оноос өмнөх зээлийг хүүтэй нь эргэн төлүүлэх журмыг хэрэгжүүлэх ёстой.

Энэ онд БЗС-д 145 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төвлөрч, дараагийн хүүхдүүдэд гадаадад суралцах боломж очих ёстой байсан. Гэтэл эхний улирлын байдлаар дөнгөж 3.5 тэрбум төгрөг төвлөрсөн учраас санхүүжилтгүй болж, ердөө 10 хүүхэд гадаадад суралцах боломжтой гэсэн хариуг албаныхан өгсөн. Үүнээс үүдэн олон жил хүүхдээ бэлдсэн эцэг эхчүүд бухимдалтай байна. Боловсролын сайд олон зүйл ярилгүйгээр 145 тэрбум төгрөгийг яаралтай эргэн төлүүлэх төлөвлөгөө гаргаж, компанит ажил өрнүүлэх хэрэгтэй байна. 

Боловсролын зээлийн сан нь Боловсролын сайдын бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул хууль журмын дагуу ажиллаж, зээлээ төлөөгүй хүмүүстэй хариуцлага тооцох системийг нэвтрүүлэх шаардлагатай. Журмаараа яваад, зээлээ төлөөд эх орондоо ажиллаж байгаа олон мундаг залуус байгаа. Алданги тооцохгүй юмаа гэхэд ядаж үндсэн зээлийг хүүтэй нь эргэн төлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь сайдын үндсэн үүрэг гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.