🔴Г.Дамдинням: АИ 92 шатахууны үнэ 2026 он дуустал нэмэгдэхгүй
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Засгийн газрын холбогдох үүрэг даалгаврын дагуу ОХУ-д яаралтай албан томилолтоор ажиллаад ирсэн талаараа мэдээлэл өглөө. Дэлхийн эрчим хүчний агентлагаас түүхэнд байгаагүй хамгийн хүнд эрчим хүчний хямрал нүүрлэж, улс орнууд газрын тосны бүтээгдэхүүн, дизель түлшний хомсдолд орж байгааг мэдэгдсэн. Энэхүү хямралын нөлөөгөөр манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард 4300 орчим төгрөгөөр борлуулагдаж байсан дизель түлшний үнэ тавдугаар сар гэхэд 6700 төгрөгт хүрч, 2400 орчим төгрөгөөр огцом нэмэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Энэ хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэрээр өнгөрсөн 10 сарын хугацаанд ОХУ-д зургаан удаа ажиллаж, хоёр тал нийт долоон удаагийн уулзалт, хэлэлцээр хийсэн байна. Уламжлалт найрсаг харилцааны үр дүнд ОХУ-ын Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдтэй амжилттай хэлэлцээр хийж, Монгол Улс шатахуун, түлшийг ОХУ-ын дотоодын зах зээлийн үнээр худалдан авахаар тохиролцсон. Ингэснээр тавдугаар сард 6700 төгрөг болон өсөх байсан дизель түлшний үнийг 4300 төгрөг орчимд нь тогтоон барих боломж бүрдсэн бөгөөд энэхүү хэлэлцээр он дуустал үргэлжилнэ.
ОХУ-ын дотоодын үнээр худалдан авна гэдэг нь дэлхийн зах зээлийн жишгээс өөр ойлголт болохыг тэрээр онцоллоо. Ази, Номхон далайн орнууд Сингапурын биржийн үнээр, Европын орнууд Брент маркийн үнээр шатахуунаа авдаг бол ОХУ дотоодынхоо Санкт-Петербургийн биржийн үнээр борлуулалтаа хийдэг байна. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас дотоодын нефть үйлдвэрлэгчиддээ татаас олгож, үнийн хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд Монгол Улс энэхүү хөнгөлөлттэй үнээр буюу дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн хямд өртгөөр түлшээ татан авах нөхцөл бүрдсэн. Хэрвээ дэлхийн зах зээл дээр үнэ огцом өсвөл дагаад бага зэрэг нэмэгдэх магадлалтай ч хамгийн доод үнийн түвшинд байна.
АИ-92 маркийн шатахууны хувьд үнэ тогтвортой хэвээр байна. Одоогийн байдлаар ОХУ-тай хийсэн гэрээний дагуу Евро-2 стандартын АИ-92 шатахууны тонн тутмыг 705 ам.доллароор худалдан авч байна. Дэлхий даяар шатахууны үнэ асар өндөр болж, зарим улсад нэг галлон буюу 3.8 литр шатахуун 5-7 ам.долларт хүрээд байгаа энэ үед хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний үр дүнд манай улс харьцангуй хямд үнээр хангагдаж байгаа юм. Энэ гэрээний дагуу АИ-92 шатахууны үнэ ирэх оныг дуустал өсөхгүй байх нөхцөл бүрдсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.