🔴П.Сайнзориг: Оффтейк гэрээнүүдийн хэргийг шалгаж, мухарлах ёстой

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр өнгөрсөн хугацаанд төсвийн хууль батлах үеэр оффтейк гэрээнүүдийг ил болгосон хэдий ч энэ нь хангалтгүй гэж үзэж байна. Эдгээр гэрээг яг хэний шийдвэрээр, ямар шалтгаанаар байгуулсан болон хэрэгжилт нь ямар шатанд байгааг нарийвчлан дүгнэж, хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг хуулийн хүрээнд шалгаж тогтоох шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Оффтейк гэрээг яг хэний шийдвэрээр, ямар шалтгаанаар байгуулсан болон хэрэгжилт нь ямар шатанд байгааг нарийвчлан дүгнэж, хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг хуулийн хүрээнд шалгаж тогтоох шаардлагатай. Ингэж мухарлахгүй бол иргэд, олон нийтийн дунд бүх зүйлийг хулгай мэтээр харах хардлага тасрахгүй байна. Өмнө нь зохион байгуулсан нүүрсний сонсгол тодорхой хэмжээнд хардлага дагуулсан. Хугацаа хоцорч ирсэн баримтуудыг шалгаж нягтлаагүй, хэлэлцүүлэгт оруулаагүй орхисон тохиолдол гарсан гэдгийг тухайн үеийн сонсгол даргалж байсан хүн хэлсэн. Улс орны эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтож байгаа энэ үед бид бие биеэ зөвхөн хардаж суух биш, дутуу орхигдсон асуудлуудыг эцсийн байдлаар шалгаж, үнэн мөнийг нь тогтоох нь зүйтэй.

Өнгөрсөн хугацаанд оффтейк гэрээ гэдэг ойлголт нь улс төрийн зэвсэг болж хувирлаа. Бүх хүн нүүрсний хулгайч, эсвэл гүтгэгдэж байгаа мэт нөхцөл байдал үүссэн тул Хянан шалгах түр хороогоор энэ бүхнийг эцэслэн хэлэлцэх шаардлагатай. Гэрээ байгуулсан процесс, өртөг зардал, бүтээн байгуулалтын явц зэрэг бүх асуудлыг нээлттэй ярьж, нэгмөр цэгцлэх цаг нь болсон.

2012 онд бүтээн байгуулалтыг нь хийгээд дуусгах байсан төмөр замын төслийг гацааснаас үүдэн өнөөдрийн энэ үр дагавар гарч байна. Үүнээс болоод нийгмээрээ, улс төрчдөөрөө нүүрсний хэрэгт хутгалдсан мэт мессежийг олон нийтэд өгчихлөө. Цаашдаа төрийн гаргасан шийдвэрүүдийг бизнесийн салбарт хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил, хууль бус үйлдлээс ангид байх зарчмыг хатуу баримтлах хэрэгтэй.

Өнөөдөр улс орны хөгжил дэвшил, бодит ажил ярьдаг хүн алга болж, зөвхөн бие биеэ харлуулж, "хардаж байна" гэдэг үгээр улс төр хийдэг байдал хэрээс хэтэрлээ. Улс төрчдийн зиндаархал, хоосон маргаан, үл ойлголцлоос болоод улс орны хөгжил зогсонги байдалд орж байна. Тиймээс одоо энэ бүх хардлага, гүтгэлгийг эцэслэж, орхигдсон гэрээнүүдтэй холбоотой сонсголын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээд, бодит ажил, хөгжил дэвшлийн талаар ярих цаг болсон гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.