🔴Ч.Ундрам: Улс төржихөөс илүү мэргэжлийн хүмүүстэй хамтарсан тооцоо судалгаанд үндэслэн, бодитой ажил хэрэг болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ч.Ундрам цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнөөгийн парламент хууль батлах үндсэн ажилдаа анхаарахгүй, хэт улс төржиж, талцсаны улмаас төрийн ажил гацаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Миний хувьд 2020-2024 оны парламентад ажиллах хугацаандаа Боловсролын багц хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт орж ажилласан. Өмнөх парламент Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Шүүхийн тухай хууль зэрэг тогтолцооны шинж чанартай томоохон реформуудыг хийж чадсан. Энэ удаагийн парламент баталсан хуулийн тоо болон ажлын бүтээмжээрээ өмнөхөөсөө хавьгүй доогуур байгаа.
Нийгэмд үүсээд буй маргаантай асуудлууд дээр хууль хяналтын байгууллагууд шуурхай ажиллах шаардлагатай. Ирүүлсэн бүх гомдол, мэдээллийг нэгбүрчлэн шалгаж, үнэн мөнийг тогтоон, ард түмний дунд үүссэн эргэлзээг яаралтай тайлах нь зүйтэй.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "Туулын хурдны зам"-ын төсөлд хоёр үндсэн асуудалд санаа зовж байгаа. Нэгдүгээрт, хүрээлэн буй орчин буюу ундны усны аюулгүй байдлын асуудал. Туул гол бол Улаанбаатар хотын төдийгүй олон аймгийг дайран өнгөрдөг цэвэр усны гол ундарга учраас энэхүү төсөл байгаль экологид сөрөг нөлөөгүй гэсэн эргэлзээгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарах ёстой. Иргэдийн хувьд түгжрэлээс салах нь чухал ч, үр хүүхдийнхээ ирээдүйн ундны усны асуудалд түүнээс ч илүү санаа зовж байгаа.
Хоёрдугаарт, төслийн төсөвт өртөг хэт өндөр байгаа. Нэг километр замын өртөг ойролцоогоор 70 тэрбум төгрөгт хүрч байгаа нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд төсвийг хэрхэн тооцоолсныг ил тод, үндэслэлтэй болгох шаардлагатай. Түгжрэлийг шийдвэрлэх нь зөв боловч "Жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүй" гэдэг шиг байгаль орчин, төсвийн үр ашгийг давхар бодолцох ёстой. Тиймээс энэ асуудал дээр талцаж улс төржихөөс илүүтэй эрдэмтэн судлаачид, замын инженерүүд, эдийн засагчдын хамтарсан тооцоо судалгаанд үндэслэн, бодитой ажил хэрэг болгох хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.